Б.Бадрааг улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорино

0

Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх прокурорын саналыг өчигдөр /2023.12.25/ хянан хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд мэдээлэл хийхдээ УИХ-ын Хянан шалгах түр хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэдгийг мэдэгдсэн. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болсон гэсэн.

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал, Х.Нэхийт нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хэлэлцэж, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал болон тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байна. Энэ хэрэгт ямар асуудлуудыг тогтоосон гэхээр Монгол Улсын Газрын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэдэг хуулийн зохицуулалтыг зөрчиж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан эрх мэдлээ урвуулан ашигласан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал гэгч нь 2020 оны наймдугаар сарын 7-ны А/225 дугаартай захирамжаар “Фүжи бит” компанид Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13.6 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн.

Ш.Эрдэнэжаргал нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Газрын тухай хууль тогтоомж зөрчиж,

  • Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “…энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”
  • 33.1.2-д заасан “…энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно…”,        Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам заасныг тус тус зөрчиж дуудлага худалдаа, төсөл шалгаруулахгүйгээр
  • 2020 оны наймдугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаартай захирамжаар  “Фүжи бит” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын  4601009717 газарт 13.6 га газар эзэмшүүлэх,
  • “Ийзи транспорт” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601009718 дугаартай 14.5 га газрыг эзэмшүүлэх,
  • 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А/249 дугаартай “Силвер титан интэрнэйшнл” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010080 дугаартай 13 га газар эзэмшүүлэх
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр А/295 дугаартай “Бат Орших баян /РД:6372023/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010155 дугаартай 18 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон.

Харин Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь:

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/364 дугаартай захирамжаар “Сан Арвитай” ХХК-д 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх
  • 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр А/295 дугаартай захирамжаар “Лилия гарден” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010471 дугаартай 10 га газрыг эзэмшүүлэх,
  • 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр А/30 дугаартай “Соронзон говь” /РД: 3624846/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010237 дугаартай 20 га газрыг эзэмшүүлэх
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/315 тоот захирамжаар “Аз хур трэйвэл” ХХК-д  4601010483 нэгж талбарын дугаар бүхий, гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай Ханбогд сум, Номгон баг, Цагаан хаданд газар эзэмшүүлсэн.

Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан гэдгийг хуулийнхан онцолсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *