Нярай хүүхдийн амьсгалыг эцэг эхчүүд маш сайн ажиглах шаардлагатай

0

ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудал болон халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шинэ жилийн баяртай холбоотойгоор хоол хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-Томуу томуу төст өвчний өнөөгийн байдлаар талаар мэдээлэл өгье. Улсын хэмжээнд 12-р сарын 11-17-ны өдрүүдэд амбулаториор 243 мянган иргэн үйлчлүүлснээс 9.2 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна. Нийт түргэн тусламжийн 28.3 хувийг томуу томуу төст өвчний дуудлага байна. Томуугийн идэвхжилийн түвшинд 8 аймаг, гуравдугаар түвшинд 9 аймаг, дэгдэлт өндөр байгаа 4 аймаг байна. 21 аймгийн нэгдсэн эмнэлэг болон нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт нийт 9020 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2818 буюу 31.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.3 хувиар нэмэгджээ. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 85 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа:

-2023 оны эхний 11 сарын байдлаар гэдэсний халдвар, хоолны хордлогын 3311 тохиолдол бүртгэгджээ. Мөн энэ онд улсын хэмжээнд гэдэсний халдварт өвчний 8 дэгдэлт бүртгэгдэж 683 хүн өвчилж 106 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Түүнчлэн шинжилгээ хийлгэсэн 127 хүнээс гэдэсний халдварт өвчний эмгэг төрөгч нян илэрсэн. 37 хувь нь хүүхдийн байгууллагад, 25 хувь цэргийн ангид, 37 хувь нь нийтийн хоол болон зөөврийн хоолтой холбоотой байжээ.

Баяр болж байгаатай холбоотойгоор дараах зөвлөгөөг хүргэж байна. Тухайлбал, амархан муудах хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалах, эрүүл мэндийн шаардлага хангасан хүнсний дэлгүүрээс авах, хүнсний бүтээгдэхүүний тохирсон хэмд хөргөгчид хадгалах, хоол хүнсийг бэлтгэхээс өмнө заавал гараа угаах, жимсийг сайтар угаах, ундны усаа 24 цагийн дотор хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.

ЭХЭМҮТ-ийн эмч А.Оюунчимэг:

-Хүүхдүүд жилдээ 4-6 удаа амьсгалын замын өвчин тусах нь хэвийн. Гэхдээ хэр хэмжээнд тухайн өвчнийг давах нь хүүхдийн биеийн эсэргүүцлээс шалтгаална.

Сүүлийн үед дэгдсэн томуу, томуу төст өвчнөөр халуурах шинж тэмдэг их байна. Гурвас сараас доош нярай 39 хэмээс дээш халуурах нь эрсдэл өндөр гэсэн үг. Хүүхэд халуураагүй байсан ч орчны сонирхол сул буюу идэвхгүй байх, сульдах мөн хоолонд дургүй болох нь тухайн хүүхдийг өвдсөнийг илтгэнэ. Нярай хүүхдийн амьсгалыг эцэг эхчүүд маш сайн ажиглах шаардлагатай гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *