Сурвалжлага: Сэлбэ голд өвлийн үер үүсээд байна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ гол орчимд халиа, тошин үүссэн талаарх мэдээ олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдийн анхаарлыг татсан. Өвлийн цагт хаанаас, хэрхэн ийм их хэмжээний ус гарч ирэв гэдэг асуулт хариулт нэхэв. Ийнхүү халиа үүссэн газрыг зориж, нөхцөл байдлыг сурвалжлахыг зорилоо.
Сэлбэ голын эргийн дагуух тохижилт бүхэлдээ усанд автаж, хөлджээ. Оршин суугчдын хэлж буйгаар сүүлийн арав гаруй хоногийн хугацаанд дээрээс ус орж ирж, хөлдсөөр өнөөдрийн түвшинд хүрсэн гэнэ. Албаны хүмүүс, СӨХ, хороо дүүргийн зүгээс ч хаанаас ус гарч ирсэн талаар мэдээлэлгүй байгаа аж.
Зуны цагт иргэд сууж, тухалдаг байсан эргийн дагуух сандал, саравч бүхэлдээ усанд автаж, хөлдсөн харагдана. Далангийн дийлэнх хэсэг нь ч усанд автаж, зузаан мөс тогтжээ. Тогтсон мөсөн дээгүүр тэр хавийн оршин суугчид зам дөтлөн алхаж явж байв. Оршин суугчдаас үүссэн халиа, тошины талаар асуухад “Хэд хоног л ус орж ирсээр нэг л өглөө харахад л ийм зузаан мөс тогтчихлоо. Өмнө нь ингэж байгаагүй. Гайхаад л байна. Зуны үерээр ч гайгүй, энэ далангаа ингэж даваагүй дээ” гэв.
Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдэгдэлд “Иргэний цахим хуудсанд нийтэлсэн мэдээллийн дагуу Дарь-Эхээс Арслантай гүүр хүртэлх Сэлбэ гол дагуу эргүүл хийхэд Сэлбэ гол нь зузаан мөсөн хучаас үүссэн байдалтай байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас үүдэн хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа үүсэх байгалийн нөхцөл бүрдсэн.Үүнээс гадна борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэж, хог, шороогоор дүүргэснээс болж хөрсний ус саатан халиа үүсэх нэмэлт шалтгаан болсон” гэжээ.
Харин Усны газрын дарга З.Батбаярын хэлснээр энэ халиа, тошин нь хүний амь насанд хүрэх аюул нь бага боловч эргийн дагуух алан шуудуу, боомтуудыг сэтлэх, хавартаа шар усны үер болох магадлалтай гэнэ. Үүний улмаас эргийн дагуу зөвшөөрөлгүй баригдсан барилга, буусан айлууд онцгой эрсдэлд байгаа аж.
Тэрбээр энэ талаар ярихдаа “Эхний ээлжинд хаанаас ус гарч ирж байгааг тогтоох хэрэгтэй. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 2900 гаруй хашаа, 2400 гаруй байшин голын хамгаалалтын онцгой бүст байна. Энэ байшин, хашаад онцгой эрсдэлд байна. Тэгэхээр Усны газраас голыг хамгаална гэдгийн учир бол иргэдийг хамгаална гэсэн үг. Анхнаасаа байшин барихдаа, газар буухдаа энэ асуудлуудыг бодож үзэх ёстой байсан. Мөн голыг дагуулж барьсан инженерийн байгууламжууд эрсдэлд орлоо” гэсэн юм.
Мөн оршин суугчдын зүгээс Сэлбэ голын дагуу шинээр баригдаж буй барилгууд хөрсний усаа гол руу цутгаж байна гэсэн хардлагатай байсан. Тэгвэл З.Батбаяр дарга энэ талаар “Гүүрнээс дээшээ нэг км орчим газар тошин, халиа байна. Өчигдөр оройноос эхлээд манай албаныхан очиж үзсэн. Яг хаанаас ус гараад байгаа нь тодорхой бус байна. Бид нийслэлийн геодези, усны барилга байгууламжийн компанитай холбогдсон. Ард иргэддээ хэлэхэд одоохондоо онц аюултай байдал үүсээгүй байна. Гэхдээ зунжин үерт автсан бол одоо өвлийн үер болж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Үер болох 2-3 шалтгаан байх боломжтой. Нэгдүгээрт, барилгын хөрсний ус шавхаж байгаа компаниудын ус орсон байж болзошгүй. Сая 2-3 барилга дээр үзлээ. Одоогоор нийлүүлж байгаа зүйл алга байна. Өөр нэг харагдаж байгаа зүйл нь дээд усан сангаас ус их хэмжээгээр гарсан байж магадгүй. Энэ бол батлагдаагүй” гэлээ.
Зуны орсон үер одоогийн нөхцөл байдал үүсэх гол хүчин зүйлүүдийн нэг бөгөөд зуны үерийн үр дүнд хөрсний усны түвшин ихээхэн дээшилжээ. Улмаар өвлийн хүйтэнд хөрсний ус оргилж гарсан байж болзошгүй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД