Х.Нямбаатар: Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх олон улсын тендерийг нэгдүгээр сард зарлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх олон улсын тендер зарлах болсон талаар танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг гаргалаа. Нийслэл олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гарсан. Их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулахдаа 2013 онд Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэж, 2024 оны нэгдүгээр сард багтааж тендер зарлах эрхийг Засгийн газрын хуралдаанаар өглөө.
Жайка олон улсын байгууллага өөрсдөө зээлийн санхүүжилтээр хийвэл ойролцоогоор 1.7 тэрбум USD санхүүжүүлэх. Олон улсын нээлттэй тендер өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар дээрх хувилбараар хийсэн тохиолдолд 1.3 тэрбум USD багтаж гүйцэтгэгчид санал өгөх боломжтой гэх хувилбарыг бид сонгосон.
2007 онд ЖАЙКА улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна гэсэн судалгаа хийсэн бол өнөөдөр энэ тоо 30 хувь хүрэхгүй болсон. Дэлхийн томоохон хотуудад иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байвал хэвийн гэж үздэг. 2010 оноос эхлэн Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчигчдын тоо буурсаар 137 мянга хүрэхгүй болсон.
Одоо зарлах тендерт:
Метроны нийт урт 17.7 км, үүнээс газар доогуур туннелэн байгууламжаар метроны шугам явах хэсэг нь 6.6 км. Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25-р эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км урт, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж, тендерийн ажлын даалгавраа боловсруулж зарлах гэж байна” гэв.