780 хүний амийг аварсан ахлах ахлагч Р.Оргилсайханыг 16 сая төгрөгөөр шагнажээ
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон.
Энэ журмын дагуу тав дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов. Тэдний нэг болох Архангай аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын усчин-аврагч, ахлах ахлагч Р.Оргилсайханыг онцолж байна.
Онцгой байдлын албанд 22 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр нийт 1142 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 780 хүний амь насыг авран хамгаалж, 120 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Тодруулбал гол, нуурын эргийн хамгаалалт, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Шүхрийн усан дээрх буулт, “Теротлан”-ы спорт сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хамгаалалтад нийт 310 удаа үүрэг гүйцэтгэж, усанд живж байсан 250 иргэний амь насыг аварч, эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн байна.
Мөн 2023 онд гамшиг, ослын 42 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын 85 автомашин, 450 орчим сая төгрөгийн эд хөрөнгө, 145 иргэний амь насыг авран хамгаалж, 5 буцалтгүй нэрвэгдэгчийг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Онцолбол, усны ослын 13 удаагийн дуудлагаар ажиллаж, 5-20 метрийн гүнд 23 цаг 45 удаагийн шумбалт хийсэн байна.
Түүнчлэн Хотонт суманд усанд боогдсон 17 иргэн, 17 гэр, 3 автомашиныг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлж, хүнсний дэлгүүр болон цайны газруудын усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн нийт 450 орчим сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Мөн Эрдэнэбулган, Ихтамир сумдын нутгаар олон хоног үргэлжилсэн борооны улмаас Тамирын голын усанд боогдсон 124 иргэнийг аюулгүйн бүсэд зөөвөрлөн, голд суусан 81 автомашиныг татан гаргасан зэргээр үүргээ нэр төртэй биелүүлжээ.