Б.Наранчулуун, Ц.Долгормаа нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Наранчулуун, Ц.Долгормаа, Б.Хулан, Ц.Наранчимэг, У.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч У.Жаргалсайхан, Ц.Долгормаа нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, Б.Наранчулуун нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Хулан нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах, 10 сая төгрөгөөр торгох ял, Ц.Долгормаа, У.Жаргалсайхан нар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сая 400 мянган төгрөгөөр торгох ял, Ц.Наранчимэг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял тус тус эдлэх болж байна.