Н.Даваа: Элон Маскийн зөвшөөрлийг албажуулснаар “Тесла”-гийн логог ашиглаж, $500 тэрбумын хөрөнгө татна

0

“Анод”  банкны үүсгэн байгуулагч гэдгээрээ олны танил Н.Даваа эрчим хүчний шинэ технологийг нэвтрүүлдэг. Түүний технологи бүхий цэнэг хуримтлуурын тухайд 40 тонны контейнер нь 5.7 МВт-ын хүчин чадалтай. Харин “Тесла”-гийнх 2.2-2.5 МВт. Мөртлөө хоёр дахин хямд өртөгтэй учраас энэ технологий нь 2015 онд Элон Маск өөрөө сонирхож буйгаа мэдэгдэж байсан гэдэг. Мөн Японы “Мацушито” компаниас ч хамтран ажиллах санал тавьсан гэж Н.Даваа ярьдаг.

Харин сүүлийн үед Н.Даваа эл технологидоо суурилж, дэлхийн зах зээл дээр IPO гарган 500 тэрбум ам.долларын хөрөнгө босгоно, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэх боллоо. Нэр нь “Архимед” бөгөөд, “Тесла”-гийн логог доош нь харуулсан мэт логотой байна гэжээ. Энэ тухайд ч Элон Маск зөвшөөрч байсан гэдэг.

Мөн иргэд үүнд нь тусалж, Н.Даваад хандив цуглуулсан бөгөөд энэ нь олон жил гацааж байсан “түгжээ”-нээс гаргалаа хэмээн тэрбээр лайв хийх үеэрээ ярьсан юм.

Энэ тухай асуудлаар Н.Даваагаас товч тодруулга авлаа.

-Хандиваар цугларсан мөнгийг чухам юунд зарцуулснаар та “түгжээ”-нээс гарлаа гэж тодотгосон бэ. Хэдэн төгрөг цуглав?

-Манай технологийн патент зөвхөн Монгол Улсынхаа Оюуны өмчийн газар бүртгэлтэй. Харин дэлхийн хэмжээнд бүтээгдэхүүн хөгжүүлэхийн тулд Дэлхийн оюуны өмчийн газар бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр аль ч улсын оюуны өмчийн газар манай патентыг хамгаалах үүргийг автоматаар хүлээдэг. Бид одоо “Архимед” компаниа 500 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах гэж байна. Үүний тулд патентаа дэлхийд зөвшөөрүүлэх ёстой. Энэ хүрээнд хандив цугларсан.

Хандиваар 250 сая төгрөг цугласан. Дэлхийн оюуны өмчийн газар бүртгүүлэхэд 25 мянган ам.доллар шаардлагатай. Харин хамгаалуулахад 250 мянган ам.доллар. Үүнд шаардагдах эхлэл хөрөнгийг бид хандиваар цуглуулж чадлаа. Хандивыг ихэвчлэн элэгний өвчэй, цус харвасан зэрэг хүмүүс өгсөн. Тиймд компани хөрөнгө татаад ирсний дараа тэдэнд өгсөн хандивыг нь буцааж өгөхөөр шийдсэн. Мөн Монголын Хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар, тэдэнд тус бүрд нь хаалттай байдлаар тодорхой хувьцаа хуваарилна.

Ер нь бидэнд хоёр арга зам байсан. Эхнийх нь шууд Японы “Мацушито” компанид хандах. Тэд манай патентыг нэг өдрийн дотор л өөрсдөө бүртгүүлчихнэ. Гэвч бид тэдний л утсан хүүхэлдэй болно. Хоёр дахь нь бид өөрсдөө хөрөнгө босгоод, Дэлхийн оюуны өмчийн газар хандах. Хандиваар эхлэл хөрөнгө боссон тул үүнийг хөөцөлдөх боломжтой болсон гэсэн үг.

-“Архимед” компанийн логог “Тесла”-гийн логог доош нь харуулсан мэтээр загварчилна, энэ нь хүчтэй маркетинг болно гэсэн. Элон Маск өөрөө үүнийг зөвшөөрсөн гэсэн. Сүүлд “Тесла” талтай холбогдсон уу. “Архимед”-ээс “Тесла” хувьцаа эзэмших, хамтран ажиллах тохироо хийснийг энэ лого илэрхийлж байгаа юу?

-Элон Маск 2015 оны үед манай технологитой танилцаад, логогоо ийн ашиглуулахыг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ аман байдлаар. Харин компанийн засаглалын хувьд хамтарч ажиллахгүй, энэ технологийн зах зээлд ийн зэрэгцэн ажиллацгаая гэдэг ойлголцлыг тэр үед хийсэн гэсэн үг.

Харин одоо Элон Маскаас албан ёсоор логог нь тийн ашиглах зөвшөөрлийг бичгээр авах ёстой. Тийм ажлыг хөөцөлдөж байна. Тэгэхгүй бол, өмнө нь аман байдлаар ойлголцсон учраас “Тесла” шүүхэд хандвал бид унах эрсдэлтэй. Иймд бичгэн зөвшөөрөл автлаа тэр логог ашиглахгүй.

Сүүлийн хугацаанд Элон Масктай холбоо бариагүй байгаа.

-Хэзээ Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах вэ. Патентын асуудал шийдэгдсэний дараа олон улсын хөрөнгийн бирж дээр IPO зарлана биз дээ?

-Монголын Хөрөнгийн бирж дээр ирэх долоо хоногт хувьцаа гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ хаалттай хувьцаа. Манай группийн дор хэд хэдэн компани байдаг. Үүндээ суурилна, үүнээсээ хаалттай хувьцаа гаргана. Харин олон улсын бирж дээр гарах асуудлыг энэ жилдээ багтаахаар л ажиллана. Бид яаравчилж буй учраас аль алийг нь зэрэг хийнэ. 500 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани байгуулна хэмээж буй нь том зориг, төсөөлөл. Гэхдээ боломжгүй биш.

-Одоогийн групп компанийн хувьцаандаа суурилна гэхээр шинээр “Архимед” гэж компани байгуулахгүй гэсэн үг үү?

-Одоогийн үйл ажиллагаандаа суурилж, өргөжүүлнэ. “Архимед” бол брэнд нэр.

-“Анод” банкны асуудлаар тан дээр хилийн хориг, өр байдаг. Тэр асуудал шийдэгдсэн үү?

-Хэвээр байгаа. Энэ жаахан асуудал дагуулна л даа.

-Харин тэгмээр юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Анод” дээр болсон асуудлыг нэхэн шалгана гэж ил мэдэгдсэн шүү дээ. Хуулийн байгууллага дээр өдгөө процесс өрнөж байна уу?

-ЭЦА-наас шалгаж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дээр миний яриад байгаа үнэн болж таарсан учир тэр. Гэхдээ хэрэгсэхгүй болгосон нь ч сайн биз, ийм завгүй байхад байн байн цагдаад дуудагдаж мэдүүлэг өгөх төвөгтэй. Гэхдээ өмнө нь танайд ярилцлага өгөхдөө хэлж байсан, хэрэв би “Анод” дээр болсон асуудлаар Арбитрын шүүхэд хандвал манай Засгийн газар 300 сая ам.долларын өрөнд унана. Би цагаадахаасаа илүү ЗГ хүнд байдалд орно, тэгээд ханддаггүй. Гэхдээ харзнаж байна. Японы хуулийн фирмд хандчихсан байгаа. Процесс үргэлжилж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *