Банкны салбарт 2023 онд өрнөсөн онцлох үйл явдлууд
Монголын банкны холбооноос 2023 онд банкны салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
2023.02.16
Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар харилцагчид үйлчлэх “Банкны үйлчилгээний кодекс”-ийг баталж, банкны салбарын хэмжээнд харилцагчийн эрхийг хамгаалах нэгдсэн стандарттай боллоо.
2023.03 САР
Арилжааны банкнууд ХАА-н салбарыг дэмжин, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийт 1 их наяд төгрөгийн зээлийг Засгийн газрын хүүгийн татаастай 3 хувийн хүүтэй олгож эхлэв.
2023.03.17
ХААН Банк Монгол Улсын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татлаа. Таван жилийн хугацаатай, 60 сая ам.долларын Ногоон бондын эх үүсвэр босгох ажлыг Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) зохион байгуулж, энэхүү хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга байгууламж, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйн төслүүдийг санхүүжүүлснээр Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
2023.04.13
ХААН Банк нь нийт хувьцааныхаа 10 хувь буюу 191,219,800 ширхэг энгийн хувьцааг нэгж үнэ нь 959 төгрөгөөр олон нийтэд арилжиж, 183,3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Тус хөрөнгөөр банкны дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлэх цахим шилжилт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүд болон урт хугацаат орон сууцны санхүүжилтэд зарцуулах юм.
2023.05.18
Худалдаа, хөгжлийн банк нийт хувьцааныхаа 5 хувьтай тэнцэх 2,530,047 ширхэг хувьцааг нэгж үнэ нь 33 мянган төгрөгөөр олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалга нь 126.4 хувьтай биелж, 105,5 тэрбум төгрөгийн захиалга авав. Энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө ногоон болон тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөжээ.
2023.05.28
Монголбанк, Бүгд Найрамдах Киргиз Улсын банк хоорондын процессингийн төв болох IPC компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, үндэсний брэнд ₮ карт болон Киргиз улсын Эл картыг хоёр улсад харилцан хүлээн авах үйл ажиллагааг эхлүүллээ.
2023.05.29
Хас Банк нь анхдагч зах зээлийн арилжаагаар нийт хувьцааныхаа 5 хувь буюу 52,700,000 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэв. Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа өргөтгөж, зээлийн болон санхүүгийн түрээсийн багцаа нэмэгдүүлэхэд зарцуулахаа мэдэгджээ.
Ийнхүү 2023 оны эхний хагас жилд Банкны тухай хуулийн дагуу системийн нөлөө бүхий таван банк IPO амжилттай хийж 447 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх замаар өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн байна.
2023.05.30
“Банкны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монголын банкны холбоо, түүний харьяа байгууллагууд хамтран “Бид банкир 2023” хакатоныг анх удаа зохион байгуулж, банкны ажилтнууд өөрсдөө салбарын хэмжээнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэв.
2023.06.02
Монгол Улсад орчин цагийн банк, санхүүгийн тогтолцоо үүссэний 99 жилийн ой, Банкны ажилтны өдрийг тохиолдуулан “Монголын Банкны Холбоо” дурсгалын, ялтсан мөнгөн дэвсгэртийг гаргалаа.
2023.06.02
Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2016 оноос хойш хэрэгжүүлсэн Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Мобайл төлбөр тооцооны токен үйлчилгээний систем (ТҮС)-ийг нэвтрүүлэв.
Уг систем нь хэрэглэгчийн эзэмшиж буй төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж, тодорхой хугацаанд төлбөр тооцоонд ашиглах зориулалттай бөгөөд мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц юм.
2023.06.13
Арилжааны банкнуудын санаачилгаар Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой, ТоС Холбоо үүсгэн байгуулагдсаны 5 жилийн энэ жил тохиолоо. Ойн хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
2023.07.06
Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Монголбанк нь арилжааны банкнууд, финтек компани, старт аппуудаас 70 гаруй тайланг өдрийн хоцрогдолгүйгээр хүлээн авч,
бодлого боловсруулалтад дүн шинжилгээний орчин үеийн шинэ арга хэрэгслийг нэвтрүүлэх, хүндрэл чирэгдлийг бууруулах боломжийг бүрдүүлэх Их өгөгдөл (Big Data)-ийн системийг нэвтрүүллээ.
2023.07.07
Монгол-Хятадын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны 9 дэх удаагийн дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Дугуй ширээний уулзалтад Монголбанк, Хятадын Ардын Банкны удирдлагууд, хоёр талын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
2023.07.17
Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын техник хэрэгжилтийн 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон, дэлхийн улсуудаас 5 дахь орон боллоо. Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт, хэрэгжилтийг Монгол Улс хангаж буйг илэрхийлж байгаа юм.
2023.09 САР
Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Капитрон банкнууд хамтран ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авах шимтгэлээ бууруулан 100 төгрөг болголоо. Харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлж, банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө арилжааны банкнууд ийнхүү нээлттэй хамтран ажиллаж байна.
2023.09.18
Эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход банк, санхүүгийн эмэгтэйчүүдийн бодит оролцоог хангах зорилготой “Санхүү, банкны эмэгтэйчүүдийн II чуулган” Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
2023.10.31
“Дэлхийн хуримтлалын өдөр 2023” аяныг банкны салбарын хэмжээнд 11 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж, нэгдсэн өдөрлөгийг анх удаа орон нутагт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгууллаа.
2023.11.29
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт “Монголын санхүүгийн зах зээлийн холболт” сэдэвтэй Монголын санхүүгийн зах зээл, банкны салбарыг хөрөнгө оруулагчдад танилцуулсан өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгууллаа.