Лу.Гантөмөрийн АН-ын “цулбуураас” Х.Баттулга атгаж байгаа нь тодорхой болов
Өнгөрсөн оны 9-р сарын 08-ны өдөр АН-ынхан хэвлэлийн бага хурал хийх үеэр тус намы Тэргүүн дэд даргаар томилогдсон С.Баярцогт одоо та бүхэн “шинэчлэгдсэн” Ардчилсан намын тухай ярих болно гэж хэлж байв. Гэвч өнөөдрийг хүртэл Ардчилсан нам шинэчлэгдэх нь битгий хэл, эргээд намаг руугаа шигдэж байгаа нь олон үйл явдлуудаас тодорхой болсоор байна.
Өчигдөр буюу 2024.01.10-ны өдөр АН-ын хэсэг гишүүд УИХ-ын чуулганы танхимын үүдэнд хэвлэлийн хурал хийлээ. Энэ хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, үг хэлсэн хүмүүс Женкогийн угшилтай гишүүд байв.
Тодруулж хэлбэл АН-ын дэд дарга П.Галиндэв, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, АЗХ-ны ерөнхийлөгч Б.Ган-Очир нар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж гарч ирэв.
Тэд мэдээлэлдээ: Өчигдөр хуралдсан АН-ын улс төрийн зөвлөлийн хурлыг намын дарга Лу.Гантөмөр өөрөө удирдан явуулсан. Улмаар АН-аас дараах шийдвэрийг гаргалаа гэв. Үүнд:
“1. Ч.Хүрэлбаатарын санаачилсан хууль гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль биш байна.
2. Ч.Хүрэлбаатарын санаачилсан Монгол улсын газар нутгийг гадныханд өгөх энэ хуулийг АН дэмжихгүй. Батлуулахгүй байх нь зүйтэй.
3. АН өөрийн гэсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хувилбарыг боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар болсон.” гэв.
Үүний дараахан Х.Баттулга дээрх нөхдөө ардаа зогсоож байгаад “газар шороо, үндэсний аюулгүй байдал” зэрэг асуудал ярьж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эсэргүүцэж хэвлэлийнхэнд ам нээв.
Эндээс харвал Лу.Гантөмөр өөрөө улс төрийн зөвлөлийн хурлаа даргалж явуулаад, Х.Баттулгын хамгийн ихээр эсэргүүцэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжихгүй гээд намаасаа шийдвэр гаргасан байна. Гэхдээ энэ шийдвэр нь Лу.Гантөмөрийн толгой мэдэж гаргасан шийдвэр байсан гэхээсээ илүүтэй Х.Баттулгын шийдвэр байсан гэдэг нь үе шаттай хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээллүүдээс тодорхой харагдав.
Мөн Лу.Гантөмөрийн АН-ын жолоо, цулбуураас атгаж байгаа хүн нь Х.Баттулга гэдгийг илтгэх хэд хэдэн үйл явдал өмнө нь болсон.
Тухайлбал, Хөх Монголын Хөх туг гэж тусдаа туг далбаа намируулан нутгийнхаа хоёр гишүүнийг сугавчлан хөдөөгүүр “өнөөдөр Монголд худалдагдаагүй нам, худалдагдаагүй ТББ, холбоо нэг ч байхгүй, ганцхан миний даргалж яваа МоАХ л цэвэр ариун” гэж АН-аа хүртэл муулж явсан Х.Баттулга болон түүний хөдөлгөөн нь АН-ын намаа сурталчлах, гишүүдээ сонсох ажлын нэг нь болж хувирсан. Х.Баттулга намынхаа гишүүнчлэлийг сэргээж Л.Гантөмөртэй тэврэлдсэн үйл явдал өнгөрсөн намар болсон. Улмаар Лу.Гантөмөр АН-ынхаа 15 дэд даргаа сонгохдоо тэдний талыг нь Х.Баттулгын хүмүүсээр томилсон. Мөн Нийслэлийн АН-аа Х.Баттулгын хүн гэгддэг Т.Батцогтод өгчихсөн. Энэ үйл явцыг Лу.Гантөмөрийн намаа нэгтгэх гэсэн оролдлого байсан гэж зөвтгөж болох ч үнэндээ АН-д эзлэх Х.Баттулгын байр суурь үнэхээр том байгааг харуулж байв.
Уг нь олон нийтийн зүгээс, тус намын гишүүн биш ч гэсэн АН-ыг шинэчлэгдээсэй, хүчирхэг сөрөг хүчин байгаасаа гэсэн хүлээлт байсан. Гэтэл Лу.Гантөмөрийн тэврэлдээд байгаа Х.Баттулга нь АН-ыг хагалган бутаргасан гол хүн нь. Одоо ч хагалах үйл явц өрнөсөөр АН-ынхан дотроо зөрчилдөөнтэй байсаар байна. Үүнийгээ тэд намын дотоод ардчилал гэх сайхан үгээр хаацайлаад яваад байгаа нь нууц биш. Ийнхүү түүнд нам дотороо барьц ахиулж, жолоо цулбуураа өгсөөр байгаа нь олон нийтийн горьдлого тасрахад хүргэж байна. Нэг ёсондоо наанаа Лу.Гантөмөрт данстай ч начир дээрээ Женко гэх албан бус дарга ард нь байгаа нь тодорхой болоод байна. МАН-ын даргын зөвлөх хүртэл хийж явсан хүнд ингэтлээ найр тавьсан гэхээр АН-д хэн эрх мэдэлтэй байгааг харуулж байна. Түүний АН-д төдийгүй, Монголд хийсэн гай арвин. “Танк орж ирнэ” гэж хэлээд 10 жил гацаасан төмөрзам нь өнөөдөр мухар. Түүнийх нь алдагдсан боломж далай. Гэтэл хээв нэг “мухар төмөр зам биш ээ. Эдийн засгийг, говийг эзэнтэй болгосон асар том төрийн бодлого хэрэгжсэн юм” гээд зогсож байгаа нь түүнийг хэн бэ гэдгийг илтгэв.