АБГББХ: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв
Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.01.10/ хуралдаанаар “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор явууллаа.
Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд 42 гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 2343 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1699 хүний амь нас, аюулгүй байдлыг, 357.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Монгол Улсын Засгийн газраас энэ төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулах санал, гэрээний төслийг урьдчилан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшилцсөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Парис хотноо гарын үсэг зуржээ.
Энэ хэлэлцээрийн дагуу жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авах юм байна.
Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай хөөсөөр гал түймэр унтраах болон 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 нэгж гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх юм байна. Эдгээр автомашинуудыг авснаар Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх сайжирна хэмээн үзэж байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд, өнөөдөр манайд хөөсөөр гал унтраадаг машин, тоног төхөөрөмж хэд байгааг тодруулаад, 32, 42 метрт ажиллах чадвартай тоног төхөөрөмжтэй болсноор дээд тал нь хэдэн давхар барилгад гарсан галыг унтраах вэ хэмээн асуусан. Мөн баригдаж буй өндөр байшингуудад гал гарахаас сэргийлэх, гарсан галыг унтраах албан ёсоор баталсан стандартууд байна уу хэмээн лавлаад, барилгын компаниуд стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулав
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянгийн хариулснаар, Өнөөдрийн байдлаар онцгой байдлын байгууллагад хөөсөөр гал унтраах зориулалттай гурван автомашин байгаа аж. Ер нь гал унтраах 17 ангид хөөсөөр унтраах тусгай зориулалтын машин авах шаардлагатай юм байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод 198 худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууцын зориулалттай 9 давхраас дээш барилга байгаа гэв. Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа автомашинууд 5-8 давхарт гарсан галыг унтраах боломжтой бол 32, 42 метрийн шаттай болсноор 12-оос дээш давхарт буй гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх боломжтой болох аж.
Гал унтраах аврах хэсэг, тусгай нэгжид тавих стандарт байдаг. Энэ стандартад барилга байгууламжид гарсан галыг унтраах автомашин хөөсөөр унтраах технологитой байх шаардлага тавигддаг хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын дарга хариулаад, барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах хүрээнд сүүлийн жилүүдэд баригдаж байгаа барилгуудад дотоод дохиолол хамгаалалт, гал унтраах тусгай зориулалтын гал унтраагуур заавал суурилуулах шаардлага тавьж, үүнийг барилга хүлээн авах ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна гэлээ.
УИХ-ын гишүүд асууж, хариулт авсаны дараа хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг нийлүүлсэн бөгөөд евро стандартын симулятор, засвар үйлчилгээний төв, оффис бүхий ангартай Агаараас эрэн хайх, аврах анги байгуулагдаж нисэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж буй аж.
Тус анги 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүргэжээ.
Монгол Улсын Засгийн газраас энэ төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу гэрээ байгуулах санал, гэрээний төслийг урьдчилан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшилцсөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Парис хотноо гарын үсэг зурсан байна.
Энэ хэлэлцээрийн дагуу жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 24.7 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авах аж.
Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын нисгэгчид онцгой үүргийн нислэгийг өдөр, шөнийн цагт, хүндрүүлсэн нөхцөлд бие даан гүйцэтгэх бүрэн чадвартай болж, инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн сургаж, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн үзэж буй аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин асуулт асуусан. Тэрбээр, зээлийн хөрөнгийн бараг талыг нь зарцуулж бэлтгэсэн нисгэгчдээ тогтвортой ажиллуулах талаар ямар арга хэмжээ авахыг тодрууллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, бэлтгэгдэж байгаа нисгэгчидтэй бид хариуцлагын буюу тогтвортой ажиллагааны гэрээ байгуулсан. Төсвийн хөрөнгөөр сурсан албан хаагчид хувийн хэвшил рүү орохгүй. Орсон тохиолдолд суралцсан бүх төлбөрийг хариуцах талаар гэрээнд тусгасан. Гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан гэсэн хариултыг өгсөн.
Мөн хуралдаанаар УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 1 дүгээр сард Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тус байнгын хороо энэ сард таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв
Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 01 сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн
1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг;
2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг;
3. Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг;
4. Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр танилцуулж байна.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс, олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж, ашиг сонирхол болон эрхийг нь хамгаалах, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах судалгааг хийж, төр, засгийн байгууллагыг мэдээллээр хангах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, хоёр болон олон талын харилцааны асуудлаар яриа, хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг олон улсын эрх зүй, суугаа орны хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажилладгаас гадна тэргүүлж буй Дипломат төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байдаг.
Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн алба, дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид болно гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Элчин сайд нарыг томилох нь тийм амар ажил биш. Олон шалгуур, олон хүчин зүйл, олон байгууллага, улс төрийн нөхцөл байдал зэргээс шалтгаалаад мэргэжлийн дипломат нарыг томилох тохиолдол бий. Туршлагатай, мэдрэмжтэй, мэргэжлийн дипломат биш ч Монгол Улсаа төлөөлөн ажиллаж чадах хүмүүсийг ч томилох тохиолдлууд байдаг. Энэ удаа Гадаад харилцааны яамны мэргэжлийн дипломатч, ажлын туршлага гээд бүх зүйл нь жигдэрсэн хүмүүс нэр дэвшжээ. Удахгүй Улсын Их Хурлын сонгууль болно. Сонгуулийг суугаа орондоо зохион байгуулах үүргийг Элчин сайд нар хүлээж байгаа. Иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангахад сэтгэл гарган, аль болох олон хүнийг хамруулахад онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ
Дараа нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан юм.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.5.5.-т “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана”, 4.5.8.-т “Улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол, тухайн улсад оршин суугаа монгол иргэд болон харилцан зорчиж байгаа иргэдийн тоо зэргийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, орон тоог оновчтой болгоно” гэж заасны дагуу төв Азийн бүс нутагтаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зах зээлтэй Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах Засгийн газрын саналыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцөн дэмжсэн шийдвэр гарсан. Байнгын хорооны дээрх шийдвэрийг үндэслэн Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах саналаа дипломат шугамаар тавьж зөвшөөрсөн хариу авсан тул холбогдох хууль тогтоомжийн дагуу Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан гэлээ.
Узбекистан нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагт таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой улс гэж үзэж байна гээд Элчин сайдын яамыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөн холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгасан хэмээсэн.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.