Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт мандат өгөхгүй “мурих” МАН-ын боломж
2024 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн мандат авах вэ гэдэг асуудал хөшигний ард ид өрнөж байна. Тэр дундаа эрх баригч нам, МАН-аас энэ удаа шинэ боловсон хүчнүүдэд боломж олгох уу, үүгээр дамжуулан намдаа бодит шинэчлэл хийж чадах уу хэмээх хүлээлт бий.
Үеийн шинэчлэлд гол манлайлагч бол өнөөгийн МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Харин түүнд энэ агуулгаар ирсэн гол шүүмжлэл нь танхимдаа хийдгээ хийж, авдгаа авсан хүмүүсийг багтаасан гэх явдал.
Тодруулбал, “давхар дээл”-тэй УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн ҮХӨ-ийн дараа Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарт сайдын суудал өгсөн. Хэн хэн нь хэзээний л улс төрд явсан, сайдын албыг хашиж байсан улс. Үүний дээр уул уурхайн томоохон төслүүд дээр үндэсний эсрэг агуулгаар дуугардаг, популизм хийдгээрээ нэртэй. Улс төрийн алба завхарсан цаг үеүдийн ид өрнөлд байгсад бол тэр юм.
Өөрөөр хэлбэл, “Үеийн шинэчлэл, өөрчлөлт ярьчихаад танхимдаа Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын хүмүүсийг багтаахдаа яах вэ дээ” гэсэн далд шүүмжлэл Л.Оюун-Эрдэнэд очсон.
Харин одоо 2024 оны УИХ-ын сонгуульд тэдэнд мандат олгохгүй байх нь том хаалт. Одоо хөшигний ард Л.Оюун-Эрдэнэ Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт мандат өгөхгүй “мурих” уу гэдэг хувилбар яригдаж байна. Нэгэнт хийдгээ хийчихсэн, илүү үр дүн хүлээлтгүй болсон хуучин цагийн улстөрчдийн төлөөлөл гэвэл тэд мөнөөс ч мөн нь үнэн юм.
Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нараар эхэлсэн мандат өгөлгүй “мурих” нь зүйтэй улстөрчдийн нэрс нэг, хоёроор тогтохгүй хөврөх нь бас зүйн хэрэг юм.
Эх сурвалж: Eguur.mn