АСУУЛТ-ХАРИУЛТ: 5,2 сая тонн нүүрс хулгайлагдсан асуудлаар…
Нүүрсний сонсголын үеэр Монгол улсын хилээр 5,2 сая тонн нүүрс хилээр гарсан байна гэж шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан байдаг. Энэ асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хөндөж ЭТТ ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодруулж асуулаа. Гэтэл маш анхаарал татахуйц хариултыг тэрбээр өглөө.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 5,2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэдэг асуудал бодитой юм уу? бодьгүй юм уу? Энэ алдсан 5,2 сая тонн нүүрснээс гадна Эрдэнэс тавантолгой яг ямар хохирол амсчихсан юм. Тоон илэрхийллээр, мөнгөн дүнгээр илэрхийлээд өгөхгүй юу. 5,2 сая тонн гэдэг бол үндсэндээ 5200 ширхэг ачааны тэрэг гэсэн үг шүү дээ. Ийм хэмжээний машин ямар ч хяналтгүйгээр гараад явчихсан гэсэн ойлголт өгчихсөн байгаа. Нүүрсийг нь ачиж өгөөд хилээр хулгайгаар гаргачихсан гэдэг ойлголтыг би авсан. Ард түмэн ч гэсэн тийм ойлголттой байгаа. Хоёрдугаарт, Мухар төмөр зам бүрэн гүйцэт ашиглалтанд ороход холбогдох цэгтэйгээ хамт яг хэчнээн доллараар энэ босч байгаа юм бэ?
ЭТТ ХК-ийн БЭТ Ж.Ганбат: Эхний асуудал бол яахав тэр шинжээчийн дүгнэлтээр болзошгүй гэж бичсэн байна лээ. Тэрнээс яг дутчихсан гэж хэлээгүй. Нүүрсний сонсголын дараа худалдан авагчийн зүгээс ЭТТ ХК-тай тулгалтыг хийсэн. Тулгалтыг хийхэд ямар нэгэн байдлаар зөрүү үүсээгүй гэж мэдээлэл ирсэн. Бид мэдээллийг нягтлаж, лавшруулж үзэж байгаа. Бид бол тулгалт хийгээд энэ дээр зөрүү үүсээгүй байна. Ковидын үеэр терминалаар дамжуулан гаргасан нүүрс байж болзошгүй гээд, программын давхардуулан татсан асуудал байна уу гээд асуудлууд яригдсан учраас ЭТТ ХК-аас албан ёсоор мэдээлэх болно.