ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2024.01.16/ Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор Нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар, Сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэгийг томилсон юм.
Сонсгол даргалагч сонсголын дэгийг танилцуулсны дараа УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Б.Пүрэвдагвын талаар танилцуулав.
Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2. дахь хэсэгт “Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлж томилсон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дээр дурдсан хуулийн шаардлага хангасан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Баярын Пүрэвдагвыг нэрийг дэвшүүлсэн хэмээн танилцуулав.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсролын докторант, эрх зүйч мэргэжилтэй, улсад 25 жил, түүнээс Төрийн албаны төрийн жинхэнэ албан тушаалд 21 жил ажилласан. 1996-2000 онд Түшээ хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр баклавр, 2006-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид удирдахуйн ухааны магистр зэрэг хамгаалсан. 2001-2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан зохион байгуулагч, хороо хариуцсан зохион байгуулагч, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх, 2005-2013 онд Нийслэлийн боловсролын газар, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2013-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, хүний нөөц хариуцсан референт, ахлах референт, Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2017–2019 онд Улсын Их Хурлын Тамгын газарт ахлах зөвлөх, ахлах референт, 2019-2023 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын албанд ахлах референт, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга, 2023 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэнгийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан С.Цэдэндамбын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олон нийтийн сүлжээгээр нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын зарыг өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан. Нийт есөн нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татан авсан байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 2022 оны хоёрдугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох хуулийн хүрээнд найман нэр дэвшигчийн материалыг хянан үзэхэд бүгд хуульд заасан шаардлагыг хангасан тул нэр дэвшигчийн ажлын туршлагад үндэслэн Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн байна.
Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай.1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан,1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт хуулийн зөвлөх, сайдын туслах, 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2020-2021онд Боловсрол, шинжлэх ухааны сайд, 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна гэв.
Танилцуулгын дараа нэр дэвшигч Б.Пүрэвдагва Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлагын талаар мэдээлээд, томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар танилцуулсан.
Тэрбээр, төрийн албаны хүний нөөцийн бодлого, стратегийг өөрчилж, албан хаагчдын тоог нэмэгдүүлэх биш, ур чадвартай иргэнийг сонгож төрийн албыг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцолсон.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн албаны дунд хугацааны буюу 2024-2030 оны бодлогын баримт бичгийг боловсруулан гаргах шаардлагатайг тодотгоод, энэ нь албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, төрийн албаны бүтэц тогтолцоог оновчтой болгох, цомхон төрийн албыг бий болгох бодлогын бичиг баримтын эрх зүйн үндэс болно хэмээсэн.
Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 51.3-т заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, түүний үр дагаварт үнэлгээ хийж, хуулийн хэрэгжилтийн явцад бий болсон сөрөг үр дагавар болон эерэг нөлөөллийг илрүүлж, зохистой үр дүнтэй арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага бий болсон гээд, Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 23 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсныг дурдсан.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва, “Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, дахин хуваарилах ажлыг парламентын хяналтын дор төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратегийн түвшинд уялдуулан хянах шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай байгаа.
Монгол Улсын олон улсын гэрээ, конвенц, олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцод зааснаар ижил үнэлэмжтэй ажил, албан тушаалд адил цалин хөлс олгох асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлэх нь зүйтэй. Зарим албан тушаалын суурь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаснаар төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай, идэвх санаачилгатай ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
2023 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдан, хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд Төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулах, төрийн байгууллагуудын дэргэдэх ёс зүйн дэд хороодын ажиллах журмыг нэн даруй батлан хүргүүлж энэхүү хуулийг амилуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа.
Цаашид төрөө дээдлэхээс гадна иргэнээ дээдэлсэн чиг хандлага руу явах, тоонд анхаарч байсан бол чанарт илүү анхаарах, салангид хэлбэрээр бус нэгдмэл хэлбэрээр зохион байгуулах, төвлөрөлийг сааруулах ажлыг төрийн албаны шинэтгэлийн хүрээнд зохион байгуулж ажиллахад анхаарна” гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, төрийн албыг нэр төртэй, цэвэр байлгахын тулд хэрхэн ажиллах талаар тодруулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Төрийн албан хаагчдын зүгээс хууль зөрчсөн, нийтийн эрх ашгийг хөсөрдүүлсэн асуудлаарх иргэдийн мэдээлэл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж олон нийтэд танилцуулах талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ хэмээн асуусан.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва, Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангаж, сахилга хариуцлагыг дээшлүүлж, төрд чин үнэнчээр зүтгэх зөв хүнийг ажиллуулснаар төрийн албаны нэр хүнд өсөх боломжтой. Өнгөрсөн хугацаанд төрийн албанд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй атлаа томилогдсон зарим хүмүүсийн зохисгүй үйлдлээс болж төрийн албан хаагчдын нэр хүнд тодорхой хэмжээнд буурч ирсэн. Төрийн албан зөвлөлийн гишүүнээр томилогдвол Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороонд ирсэн гомдлыг Өргөдөл, гомдлын тухай хуульд заасан хугацаанд шуурхай шийдвэрлэн хариуг хүргүүлж ажиллана гэсэн хариултыг өгсөн.
Дараа нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар танилцуулсан юм.
Тэрбээр, Төрийн албаны зөвлөл хуульд заасан тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Мерит зарчмын хэрэгжилт, төрийн албаны хүний нөөцийн нөхцөл байдалд анхаарал хандуулж ажиллана хэмээсэн. Мөн төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход оролцох, тус албаны нэр хүнд, үнэлэмжийг сайжруулах, чанаржуулах, сонгон шалгаруулалтын нөхцөлийг өөрчлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн төрийн албан хаагчын ажлын хандлага, сэтгэлгээг шинэчлэх, өөрчлөх, чадварыг тасралтгүй сайжруулах, тогтвортой ажиллуулах, үнэлгээг шудрага, бодитой болгох, төрийн албаны дунд түвшний удирдах албан хаагчийн мэдлэг, туршлага, мэргэшсэн байдал, чадвар, манлайллыг ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулан хараат бус байдлаар үнэлэх үнэлэмжийг өөрчлөхөд анхаарч, төрийн албан хаагчийг дэмжих, өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах боломжууд олгох, урам өгөх, ажлын хэт ачааллыг бууруулах санал гаргаж, холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөөд буйгаа онцолсон.
Төрийн албан хаагчийн цалин хөлс, нэмэгдлийг гүйцэтгэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, нийгмийн баталгааг нь бодитоор хангах, ажиллах уян хатан нөхцөл зохицуулалтыг бий болгох, ажлын арга барилд шинэ технологи, цахим хэлбэр нэвтрүүлэх талаар санал санаачилгатай ажиллахаа мэдэгдсэн.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, удирдах албан тушаалтан нь өөрийнхөө үгэнд ороогүй, аясаар нь байгаагүй, эсвэл шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг шахаж, ажлаас нь гаргах явдал их болсон. Үүнээс болоод төрийн алба тогтворгүй, салаа сэлгээ их байна гэсэн гомдол ихээр гарах болсон. Ийм асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол ирвэл ямар зарчим барьж ажиллах вэ хэмээн асуусан юм.
Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлд очиж ажилласнаар ажилдаа ханддаг хандлага, ёс зүй, зарчим өөрчлөгдөхгүй. Хууль бус зүйлтэй эвлэрэхгүй, асуудлыг хамтын зарчмаар шийдээд явна.
Төрийн албанд ажиллаж буй 225 мянган хүмүүс дотор төрийн захиргааны албан хаагчдын тоо харьцангуй цөөн. Гэвч Дэлхийн банк, манай улсад хийгдсэн олон байгууллагын судалгааг харахад хамгийн их халаа сэлгээ, дарамт хавчлагад өртдөг хэсэг бол төрийн захиргааны албан хаагчид байдаг. Нийслэл, хороо, дүүрэг аймаг, яам, агентлагт ажиллаж байгаа хүмүүсийн эрх хэт ихээр зөрчигдөн үндэслэлгүйгээр ажлаас халагдаад байдаг шалгаан нь улс төрийн нөлөөлөл. Тухайн байгууллагыг толгойлж очиж байгаа хүмүүсийн ёс зүйгүй, хариуцлагагүй байдал нөлөөлдөг гэсэн судалгаа бий. Миний бие Төрийн албаны зөвлөлд очсоноор ямар нэг хууль зөрчсөн, хэтэрхий улс төржсөн төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан аливаа ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудалд зарчмаа барьж, хуулийн хүрээнд ажиллана гэсэн хариултыг өгсөн.
Нэр дэвшигчийн сонсголын дараа сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигчдийн ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн шийдвэрээ гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.