Япон улсын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

0

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа нар Япон улсын Хууль зүйн яамны Судалгааны нэгдсэн хүрээлэн (RTI)-ийн  Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Шинтаро Найто, профессор Кэйсүкэ Гото нарын төлөөлөгчдийг 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын эрх зүйн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн явц болон Улсын дээд шүүхийн бүрэн эрх, бүтэц, чиг үүргийн талаар уулзалтын эхэнд товч танилцуулсан юм.

Япон улстай арилжааны эрх зүйн чиглэлээр тодорхой үе шаттай туршлага судлан хамтран ажиллаж,  үр дүнд хүрснийг тэрбээр онцлов. Мөн Эвлэрүүлэн зуучлал болон бусад чиглэлээр туршлага солилцож, шүүгчдийг мэргэшүүлэхэд хамтран ажилладагт талархалтай байгаагаа илэрхийллээ. 

Япон улсын Хууль зүйн яамны Судалгааны нэгдсэн хүрээлэн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Шинтаро Найто хоёр улсын эрх зүйн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Хоёр улсын Хууль зүйн яамны хамтын ажиллагааны хүрээнд арилжааны эрх зүйн чиглэлээр сургалт, семинар зохион байгуулж, харилцан туршлага солилцон хамтран ажиллаж байгаад таатай байна. Цаашид Монгол Улс Арилжааны хуультай болсон тохиолдолд эдийн засаг, бизнесийн эрх зүйн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Манай улс цахимжилт, мэдээлэл технологийн шинэчлэлтэй уялдуулж иргэний хэргийн процессын хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг баталсан. Японы улсын Дээд шүүхийн зөвшөөрснөөр уг хууль дөрвөн жилийн дараа хэрэгжих бөгөөд одоогийн байдлаар бэлтгэл ажил үргэлжилж байгаа.

Цаашид хоёр улсын хуулийн байгууллага тодорхой чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэхэд таатай байх болно” гэлээ.  

Талууд хамтын ажиллагаагаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *