ХХААХҮЯ шагналын цом, хувин зэрэгт 411 сая төгрөг зарцуулна
УИХ-ын гишүүд намрын чуулган хаалтаа хийсэн даруйд хэдэн шагнал өвөртөлж аваад тойрогтоо тараахын хүслэн байгаа нь дамжиггүй. Сонгуулийн жил учраас бараг дов жалга болгоноос аварга малчин, саальчин төрүүлэхийг зорих нь ойлгомжтой. Хөдөө орон нутгийн гол сонгогчид болох малчдад цол, тэмдэг, цом гардуулахаас өөр нүдээ олсон шоу өөр хаана байх билээ. Хэдийгээр жил бүрийн Цагаан сарын баярын өмнө аварга малчин, саальчин, тариаланчдыг тодруулдаг уламжлалтай ч сонгуулийн жил энэ нь хавтгайрдаг бичигдээгүй хуультай.
Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) үүний бэлтгэл ажил болгож, энэ жил аварга малчин, саальчин, фермер, тариаланчдад олгох цом, хувин, домбо, мөнгөн аяга, үнэмлэх, өргөмжлөл зэргийг худалдан авах тендер зарлажээ. Энэхүү бэлэг сэлтний нийт санхүүжилтийн дүн 411 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Нийт 411 сая төгрөг зургаан тендерт хуваагдаж байгаа. Хамгийн өндөр дүн буюу улсын аварга, хошой аварга малчинд олгох дурсгалын цом худалдан авахад зориулж 183.6 сая төгрөгийн тендер зарласан байна.
Удаах нь улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчийн шагналд олгох алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяганы тендер. Нийт дүн нь 60.5 сая төгрөг.
Улсын аварга тариаланчийн шагналд олгох цом худалдан авах тендер. Сахүүжилт нь 50 сая төгрөг.
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга фермер, саальчинд олгох хувин худалдан авах тендер. Санхүүжилт нь 50.4 сая төгрөг.
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, фермер, саальчинд олгох өргөмжлөл, цолны үнэмлэх худалдан авах тендер. Үнийн дүн нь 33.6 сая төгрөг.
Тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбо худалдан авах тендер. Санхүүжилт нь 33 сая төгрөг.
Эргэн сануулахад, өнгөрсөн 2023 онд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны зөвлөх хууль, журам зөрчин нэр бүхий иргэдийг улсын аварга малчнаар тодруулсан гэх асуудал дэгдэж, тэгсхийгээд намжсан байдаг.