Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан эргэлтийн хөрөнгийн зээлийн боломжийн талаар санал солилцов
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийн боломжийн талаар мэдээлэл санал, солилцох уулзалт зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу ХХҮЕГ, ХБХХЕГ, ЖДҮГ, Батлан даалтын сан, Монголын Банкны холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн удирдлагууд болон хувиараа бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг талуудыг оролцуулан энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдсан иргэн, ТББ, ААН, Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн талаарх мэдээлэл, зарцуулсан хөрөнгө, хамрагдсан иргэд, шинээр бий болсон ажлын байрны талаар албаныхан танилцуулсан.
Бизнес эрхлэж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төслийг хүлээж авахад хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч гэсэн тусгай цонхыг e Mongolia дотор бий болгох, Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хүүгийн бодлогоор дэмжсэн ажлын байраа хадгалахад чиглэсэн зээлийн шугам, зээлийн бүтээгдэхүүнийг банкууд бий болгох, Зээлийн хүүг бууруулж өгөх, Барьцаа хөрөнгийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг хүсэлтээ илэрхийлсэн. Уулзалтын үр дүнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Зээлийн батлан даалтын сан, Монголын Банкны холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчид оролцсон мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулах, цаашид нарийвчилсан судалгаа хийж, хамтран ажиллахаар боллоо.