Г.Ууганцэцэг: Угаарын хийн цочмог хордлого нь тархинд үхжилт үүсгэдэг
Агаарын бохирдол иргэд олон нийтийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэгтэй ярилцлаа.
-Нэг хэсэг иргэд агаарын чанар сайжирлаа гэж байсан ч одоо байдал өөр байна шүү дээ. Өнөөдрийн агаарын бохирдол хүний биед яаж нөлөөлж байна вэ?
-Нийт агаарын найрлагын 21 хувь нь хүчилтөрөгч байдаг. Гэтэл бид хүчилтөрөгчийн оронд CO2 буюу нүүрстөрөгчөөр, угаарын хийгээр амьсгалж байна. Аливаа нэгэн хордлогод өртөх байдлыг цочмог болон архаг гэж хоёр янзаар ангилж үздэг. Монгол Улс бол MNS64.49.2013 цочмог хордлогын стандарттай. Гэтэл иргэд өглөө ажилдаа явах, орой ажлаа тараад гэртээ ирэхдээ архаг хордлогод өртөж байна. Архаг хордлогод өртөж байна гэдэг нь олон жилийн хугацаанд аажмаар эд, эс, эрүүл мэнд, амьсгалын тогтолцооны эрхтнүүд муудах эрсдэлтэй. Мөн өнөөдрийн байдлаар архаг хордлогын стандарт Монгол Улсад байхгүй байна.
Хамгийн гол нь угаарын хийн цочмог хордлого маш аюултай. Энэ аюул нь үлдэц гэдэг зүйл байдаг юм. Угаарын хийн хордлогод орсны дараа тодорхой хэмжээгээр хүний тархинд үхжилт үүсдэг. Тархинд үхжилт үүссэнээр хүн мартамхай, ой санамж муудах, сэтгэл санаагаар хямрах, тэнэгрэл эрт эхлэх, зөнөх зэрэг олон үр дагавар бий. Цочмог хордлогод өртсөн хүн ийм үр дагаварт хүрдэг бол архаг хордлогод өдөр бүр өртөж байгаа бид улам л аюултай. Иргэд ковидоос болж юмыг мартаад байна гээд байгаа. Тэгвэл магадгүй угаарын хий, агаарын бохирдлоос болж мартамхай болж байж магадгүй.
-Тодорхой тоог дурдвал. Иргэд яаж хохироод байна вэ?
-2022 оны байдлаар Монгол Улсын 3.5 сая хүнээс 608 мянга нь амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хандаж, эмчлүүлсэн байна. Энэ нь нийт өвчлөлийн 17 хувь буюу бүх өвчлөлийн нэгдүгээрт жагсаж байна. Хамгийн гол нь сүүлийн долоон жилийн хугацаанд шүүх шинжилгээний статистикаас авсан мэдээллээр угаарын хийн хордлогоор 745 хүн нас барсан байна. 2017 онд 74, 2018 онд 86 хүн нас барсан бол шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 оноос хойш энэ тоо огцом өссөн. 2019 онд 96, 2020 онд 124, 2021 онд 184, 2022 онд 122 хүн угаарын хийн хордлогын улмаас нас барсан байна. Өнөөдрийн байдлаар гурван мянган орчим хүн угаартсан юм уу даа. Тэгэхээр гурван мянга орчим хүнд угаарын хийн үлдэц үүсэх аюул нүүрлэсэн гэсэн үг.
Мөн хүүхдийн өвчлөл, эндэгдэл жилээс жилд өсөж байна. 2023 оны сүүлээр авсан статистикаар 0-5 насны 961 хүүхэд эндсэн бол 0-1 нас хүртэлх 793 нялхас эндсэн байна. Тэгэхээр жилдээ бид 1500-2000 бяцхан үрсийг алддаг гэсэн үг. Энэ тоог нарийвчлан үзвэл амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин нэг номерт байна. Мөн хавдрын өвчлөл дээр судалгаа хийхэд 10 жилийн өмнө уушгины хавдар тавдугаар байранд ордог байсан бол одоо гуравдугаар байранд орж байна. Тэгэхээр иргэд маш их хортой зүйлээр амьсгалаад байна гэсэн үг. Ийм хортой нөхцөлд урт наслах талаар ярих ямар ч боломжгүй. Хамгийн гол нь бид хордсоор байна, цөөрсөөр байна, амь нас эрсэдсээр байна. Ер нь, бид зуухныхаа тоог өөрчлөх ёстой. Олон жил ашигласан машинуудад ямар нэг арга хэмжээ авах ёстой. Дэлхий нийтээр цахилгаан машинд шилжиж, хий болон цахилгаан халаагуураар асуудлаа шийдэж байна. Мэдээж төр засгаас авах том арга хэмжээнүүд бий. Харин тэр хооронд өвчлөөд байгаа нь харамсалтай байна. Миний хувьд маскаа зүүгээрэй, гадуур явж байхад толгой чинь эргээд байвал цусны эргэлтээ сайжруулж шингэн зүйл уугаарай, хэвтээрэй, аль болох давчдаад байвал цэвэр агаарт гараарай гэсэн жижиг зөвлөгөөнүүдийг өгөөд байж байна.
-Угаарын хий гэж юуг ойлгох юм бэ. Энэ нь хүний биед ямар нөлөө үзүүлж байна вэ?
-Нүүрстөрөгч хүчилтөрөгчтэй нэгдээд нүүрс гүйцэт шатах юм бол CO2 буюу нүүрс хүчлийн давхар исэл болж бидэнд асуудал үүсгэх нь бага. Гэтэл дутуу шаталтын улмаас нүүрс хүчлийн дутуу исэл СО гэдэг нэгдэл үүсэж байгаа юм. Энэ нь бидний амьсгалын замаар маш хурдан орно. Хүн хүчилтөрөгчөөр амьсгалж байх ёстой болохоор амьсгалаар нүүрстөрөгч орж байгаа юм. Ингэснээр бидний цусанд карбоксигемоглобин гэдэг зүйл эргэлдэж, хүчилтөрөгч очих ёстой амин чухал эрхтнүүдэд карбоксигемоглобин буюу нүүрстөрөгчтэй нэгдэл очоод байхаар гүн хордлогод орж байгаа юм. Түүнээс болж хүний эд эрхтэн хордлогод орох, гэмтэх, ухаан алдаж, амь насаа алдаж байна. Тэгэхээр нүүрс хүчлийн дутуу исэл CO бол аюултай. Монгол Улс стандартаараа агаарт 20 минутын дундаж үзүүлэлтээр 60 мянган микрограмм м3 CO байхыг зөвшөөрсөн. Гэтэл саяхан Шинэ Зеландын нэгэн багажаар хэмжилт хийхэд CO байх ёстой хэмжээнээсээ 2-3 дахин их байна гэж гарсан. Сайд нь салхитай үед л утаа багасдаг гээд байгаа шүү дээ. Тэр нь үнэний ортой юм шиг байна лээ. Салхи ихтэй бол СО бага байна. Ер нь агаарын бохирдол яндан, чанаргүй автомашинаас үүсэж байгаа. Харин дулааны цахилгаан станц болон бусад зүйлээс үүсэж байгаа зүйл нь дөрвөн хувь л байдаг. Тэгэхээр ялт ч үгүй гэр хорооллын яндангийн тоог цөөлөхөөс өөр арга байхгүй байна.
-Угаараас болж иргэдийн биед хамгийн түрүүнд илэрч байгаа шинж тэмдэг нь юу байгаад байна вэ?
-Утаа, угаарын хордлогоос болж хүний дотор муухайрч, толгой өвдөнө, амьсгал давчдана, амьсгал шуухитнана, ханиалгана. Хамгийн гол том аюул нь сүүлийн таван жил түлж байгаа түлшний гаргаж байгаа утаа нь өнгөгүй, үнэргүй байна. Тэгэхээр хүн угаартаж байгаа үгүйгээ мэдэх боломжгүй. Нэг мэдэхэд л ухаан алдаж унаж, цусанд нь карбоксигемоглобиний хэмжээ 30 хувиас дээш байх юм бол үхэлд хүргэх аюултай гэж үздэг. Тиймээс толгой өвдөж, дотор муухайрч, цээж давчдаад байвал шууд гадагшаа гарч, хүчилтөрөгчөөр амьсгалах хэрэгтэй. Гэхдээ гадаа гадаа гарсан ч угаарын хий байгаад байна шүү дээ. Иймээс л амралтын өдөр лагерь ч юм уу, хөдөө явж урьдчилан сэргийлэх арга байгаад байна.
-Хордлогод орсон хүн сүү уух хамгийн чухал гэдэг. Энэ нь үнэхээр үр дүнгээ өгдөг үү?
-Сүү ууж болно. Гэхдээ угаарын хийн хордлогын үед шингэн зүйл, ус уух ёстой. Угаартсан хүмүүст эмнэлэг, яаралтай тусламжийн төвийнхөн тодорхой хэмжээнд сүүг уулгаж байгаа ч гол зүйл нь ус байдаг.
-Бага насны хүүхдүүд эндэж байгаа талаар нэмж дурдвал?
-2003 оны статистикаас харвал нялхсын эндэгдэл буюу нэг хүртэлх насны 700 гаруй хүүхэд эндсэн байна. Харин тав хүртэлх насны хүүхэд эндсэн 961 тохиолдолд бүртгэгдсэн. Энэхүү 0-5 насны хүүхдийн эндэгдлийг харахад гол шалтгаан нь амьсгалын замын өвчнүүд байгаа юм. Тэгэхээр ийм утаатай үед эрүүл агаараар амьсгалаагүй л бол амьсгалын замын өвчнөөр өвдөх нь тодорхой. Тиймээс л том хүн, хүүхэд ялгаагүй амьсгалын замын өвчнөөр өвдөөд байна.
-Ханиад хүрсэн ч хэдэн сараар эдгэхгүй байна шүү дээ?
-Өвдлөө гэхэд эдгэхгүй удаан хугацаанд явахаас гадна цааш үргэлжилнэ. Тэр тусмаа эцэг эхчүүд ажлаа, санхүү мөнгөө алдана. Хамгийн гол хүүхэд олон дахин хатгаа аваад байвал уушгинд тодорхой хэмжээгээр үлдэц үлдэж байдаг юм. Уушгины бүтэц өөрчлөгдөнө гэсэн үг. Ингэж бага насандаа уушгины бүтцэд өөрчлөлт орох юм бол том болоод бүтэн амьсгалах боломжгүй болно.
-Танд баярлалаа.