Хэрэглэгчийн итгэлийн индекс жилийн өмнөхөөс өссөн ч өмнөх улирлаас буурав
Хэрэглэгчийн итгэлийн индекс эдийн засгийн өсөлттэй ойрхон хамааралтай байна.
2023 оны IV улирлын байдлаар хэрэглэгчийн итгэл 88 буюу өмнөх улирлаас 17 пунктээр буурсан бол өмнө жилийнхээс 21.1 пунктээр өссөнийг NRCC-ийн тайланд дурдсан байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн итгэл өмнөх оноос өссөн ч өмнөх улирлаас буурчээ.
Жилийн өмнөхөөс бизнесийн нөхцөл, ажлын байрны олдоц сайжирсан ч өмнөх улирлаасаа муудсан дүр зурагтай байна. Иймд ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл, орлого, ажлын олдоц тодорхойгүй байна гэж үзжээ.
Ажлын олдоц муу байгаагийн зэрэгцээ ажиллах хүчний хомсдол Монгол Улсын хувьд ирэх хоёр жилийн хугацаанд хамгийн том нөлөө үзүүлэх эрсдэл болж магадгүй гэж Дэлхийн эдийн засгийн чуулганы судалгаанд дурдсан байна.
Тайланд онцолсноор ажиллах хүчний хомсдолоос гадна эдийн засгийн уналт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний бууралт, инфляц эрсдэл учруулж магадгүй гэж үзжээ.
Итгэлийн индексээр ирэх нэг жилийн хугацаанд инфляцын хүлээлт 13 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс таван функтээр их байна.
Үүнээс гадна судалгаанд оролцсон иргэдийн 49.5 хувь нь валютын ханш өснө гэж үзэж байна. Ирэх зургаан сарын хүлээлтээр ам.долларын ханш 3632 төгрөг байх аж.
2023 онд төгрөг ам.долларын эсрэг нэг хувиар чангарсан ч 2012 оноос хойш жилд дунджаар 7.2 хувиар суларсныг эдийн засагчид онцолж байсан юм.