“Евро-2” стандартыг бүрэн халснаар хуурамч шатахуунгүй болно
Хуурамч шатахууныг зогсоох нэг арга бол шатахуунд тавигдах стандартыг нэмэгдүүлэх. Өнөөдөр манай улс “Евро-2” түлш оруулж ирэх стандартыг мөрддөг. Тэгвэл хуурамч шатахуун нэрэх хольцонд дагалдах 22 нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн ордог. Эдгээр керосин, марганц, никотин зэрэг нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд импортын гаалийн онцгой албан татварыг тэглэсэн нь учиртай аж.
Юу вэ гэвэл эдгээр хольцууд нь “Евро-2” түлшинд илүү найрагдаж шинжилгээгээр тэр бүр илэрдэггүй, мөн илрүүлдэг лаборатори манайд байдаггүйг ашиглаж энэ стандартыг мөрдсөөр байгаа тухай эх сурвалж хэллээ. Тухайлбал, 100 литр түлшинд 20 литр керосин хийхэд шинжилгээгээр илэрдэггүй аж. Түүнчлэн хуурамч болохоор түлшний үнэ бага байхад нөлөөлдөг гэнэ.
Учир нь гаалийн онцгой албан татваргүй хямд үнэтэй нефтийн нэмэлт бүтээгдэхүүн болох керосиныг 100 литр бензин тутамд 20 литрийг нэмж найруулдаг тухай уул уурхайн бүсэд Шатахуун түгээх станц ажиллуулдаг Б хэлж байна. Хэмжээ нь ихсэж чанаргүй хуурамч шатахуун ихээр нэрдэг болохоор мэдээж үнэ бага шатахуун, дизелийн түлшийг уул уурхайн компаниуд авах нь ч шахах нь ч тодорхой гэсэн юм.
Өнөөдөр уул уурхайд хэрэглэгдэж буй 10 мянган машин хуурамч дизелийн түлшээр ажиллаж эвдрэл гэмтэлд өртөж түүнийгээ дагаад осол гарч, улмаар байгаль экологид хор хохирол учруулсаар. Тэгвэл “Евро-5” стандартын бензинд керосин найрдаггүй. Хольсон ч шинжилгээгээр илэрдэг. Нөгөөтэйгүүр хуурамч шатахуун авто машин болон байгаль экологи, агаарын бохирдолд халтай гэдгийг бүгд мэддэг хэр нь яагаад “Евро-2” стандартыг мөрдөөд байгааг хэлэх албаны эх сурвалж олдохгүй байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард импортоор оруулж ирэх авто бензин болон дизелийн түлшний стандартыг шинэчлэхдээ “Евро-2”-ыг хэвээр үлдээсэн. ОХУ-д 2012 онд нефтийн үйлдвэрүүд нь шинэ стандартад шилжсэн хэдий ч зарим хүнд үйлдвэрүүд “Евро-2, 3, 4”- ийг хэрэглэсээр байгаа нь тус улсаас импортын хараат манай улсын хувьд эдгээр стандартын түлш орж ирсээр байгаа юм.
Гэтэл Азийн улс оронд “Евро-5”-аас доош стандартын шатахууныг 2011 оноос бүрэн хориглосон. Манай улс 2017 онд Уул уурхайн яам, МҮХАҮТ хамтарч “Евро-5” стандартыг тухайн оны тавдугаар сарын 24-нөөс эхлэн мөрдөх шийдвэр гаргаж байсан ч өнөөдөр үүнийг хэрэгжүүлж мөрдөх төрийн байгууллага нь ажлаа хийгээгүй ирсэнг шүүмжилдэг.
2012 онд “НИК” анх удаа “Евро-5” стандартын бензин болон шатах тослох материал оруулж ирж байгаа тухай шуугьж байсан ч энэ стандартын түлшийг хэрэглэх хэрэглэгчдийн тоо нийт хэрэглэгчдийн дөнгөж арав хүрэхгүй хувийг эзэлж байна. Тиймээс 2019 оны тавдугаар сараас нийт хэрэглэгчдийн 50 хувьд “Евро-5” стандартын түлш хэрэглэдэг болгох тухай саналыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Лхагважав хэлж байсан. 2017 онд нийт импортоор оруулж ирсэн түлшний 100 гаруй мянган тонн нь шатах тослох туслах материал эзэлж байсан бол 2018 онд гэхэд 130 мянган тонн шатахуун орж ирснээс 480 мянган тонн нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн эзэлж даруй нэг жилийн дотор гурав дахин өссөн нь хуурамч шатахуун тэр чинээгээр нэмэгдсэн үзүүлэлт гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр ярилаа.
Гэвч эдгээр нэмэлт бүтээгдэхүүнд гаалийн онцгой албан татвар битгий хэл гаалийн ямар ч албан татваргүйгээр 2012 оноос хойш зургаан жил хилээр оруулж ирсэн. Зургаан жилээр хэрэгжих зохицуулалттай уг тогтоолын хүчинтэй хугацаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд дуусгавар болсон. Энэ тогтоол дуусгавар болсонтой холбогдуулан хуурамч шатахуун үйлдвэрлэхэд гол хэрэглэгддэг таван нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд гаалийн онцгой албан татвар ноогдуулах хуулийн төслийг Ашигт малтмал, газрын тосны газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яаманд хоёр удаа хүргүүлсэн боловч одоо болтол дэмжигдээгүй байна.
Энэ асуудал нэгэнт олныг бухимдуулж эхэлсэн болохоор гаалийн албан татварыг 0 байлгаад байх нь асуудал дагуулах учраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн УИХ-ын 1999 онд баталсан гаалийн албан татварыг таван хувиар ноогдуулах тухай 27 дугаар тогтоолыг мөрдөхөөр болжээ.
Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэмэх холих аргаар стандартын бус шатахуун үйлдвэрлэх явдал хэрээс хэтэрч буйг хэрэглэгчид 2015 оноос эхлэн гомдол санал гаргасан ч дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрчээ. Зогсоох талаар боломжит арга байсаар байтал яагаад арга хэмжээ авахгүй байгаагийн цаана нөгөө шийдвэр гаргагчид өөрсдөө үүгээр бизнес хийдэг нь цаг хугацааны шалгуураар мэдэгдсээр байна.
Шатахуун дахь хүхрийн агуулгыг “Евро-4-өөс 5” болгосон шинэ стандарт нь автомашины хорт ялгарлын хэмжээг мэдэгдэхүйцээр тав дахин бууруулдаг. Шинэ стандартын шатахуун хэрэглэснээр автомашины утаа, шаталтаас ялгардаг бичил хатуу хэсэг, азот болон устөрөгчийн исэл, дутуу шатсан нүүрс устөрөгчийн хэмжээ буурна. Мөн шатах үйл явц бүрэн явагдаж, хөдөлгүүрийн вибрац, дуу чимээ багасан, шатахуун зарцуулалт сайжирна. Үүний дүнд хөдөлгүүрийн элэгдэл багасаж, ашиглалтын хугацаа уртасдаг байна.