М.Оюунчимэг гишүүн МҮОНРТ-д үүсээд байгаа асуудлыг зохицуулах гэж ирээд “зодолдуулаад” буцжээ
МҮОНРТ-д болж байгаа үйл явцын хэрүүл нь нээлттэй, асуудал нь хаалттай өрнөж байна гэхэд болно. Асуудлын гүн рүү ороод үзвэл Үндэсний зөвлөл гэх 15 хүнтэй МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 108 тогтоол баталсны ердөө гурав нь л байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байж.
УИХ-ын ТББ-ын хорооноос хоёр ч удаа албан бичиг Үндэсний зөвлөлд ирүүлэхдээ ОНРТ-ийн тухай хуулийг өөрчлөх, Засгийн газарт хандаж хураамжийг зохицуулалтыг өөрчлөх чиглэл өгчээ.
Гэвч хуулиа шинэчлэх талаар Үндэсний зөвлөл нь огт хуралдсангүй, хэлэлцсэнгүй. Зөвхөн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх, эрхийг нь хязгаарлах гэх мэт 20 гаруй удаагийн тогтоол боловсруулсан байна.
Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал газар дээрээ юу болов гэдэн сонин. Үндэсний зөвлөл нь байгууллагын үйл ажиллагааны хэвийн байдлыг хадгалж, үйл ажиллагааг сайжруулах алхам хийгээгүй учраас Хамт олны зөвлөлөөс 425 хүний гарын үсэг бүхий Үндэсний зөвлөлийн гишүүдэд хариуцлага тооцох, зарим гишүүдийг чөлөөлөх албан шаардлагыг Үндэсний зөвлөлийг санал болгож томилсон Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, ТББХ-нд хүргүүлжээ.
УИХ-ын ТББХ-оос ажлын хэсэг МҮОНРТ-д ажиллаж, үйл ажиллагааг доголдуулсан Үндэсний зөвлөлд хариуцлага тооцох эсэх асуудалтай холбоотой ажлын хэсэг томилогдох нь гэсэн хүлээлт олон нийтийн телевизийн ажилтнуудад байж. Гэтэл байнгын хорооны төлөөлөгч “эрхэм” гишүүд ажилчдын хүссэн зүйлээс илүү өөр, илүү том зорилготойгоор иржээ.
Тэд хоёр цагийн турш МҮОНТВ дээр саатахдаа Монгол Улсын хуулийг сахиулах биш саармагжуулахаар иржээ.
Үүнийг баримтаар нотолъё.
УИХ-ийн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг нь “Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлантай танилцаж, шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах” үүрэгтэй аж.
Эндээс үзвэл ажлын хэсгийн үүрэг нь УИХ-ын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийх бус, харин хууль тогтоох чиг үүргийн хүрээнд томьёологдсон байна.
Гэтэл ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, ҮЗ-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр тогтоол мөн гэж дүгнэлт хийж, улмаар МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагыг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, үүнийгээ УИХ-ын хууль сахиулах бүрэн эрхийн хүрээнд явуулж байгаа ажил хэмээн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хамт олны төлөөлөлд мэдэгдсэн.
УИХ-ийн ТББХ-ны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь бүрэн эрхээ хэтрүүлж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу байгуулагдсан МҮОНРТ-ийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, олон нийтийн радио, телевизийн хараат бус байх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх зарчимд дур зоргоороо халдсан, ашиг сонирхлын илт зөрчилтэй үйл ажиллагаа нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.
Үүнд,
· УИХ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлд УИХ нь хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй гэж хуульчилсан байтал хууль сахиулах чиг үүрэгтэй гэж тайлбарлан гүйцэтгэх эрх мэдэлд хамаарах чиг үүрэгт халдсан;
· УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэтрүүлэн Улсын их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнах үүрэг хүлээдэггүй МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийг хуралдахыг шаардаж, ҮЗ-ийн тогтоол хууль ёсны эсэх талаар дүгнэлт хийж, уг тогтоолыг биелүүлэхийг МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагаас шаардаж, шахалт үзүүлж, Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах бүрэн эрхийг хэтрүүлсэн;
· УИХ-ийн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлантай танилцаж, шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан боловч ажлын хэсгийн бүрэлдэхүүн МҮОНРТ-ийн ҮЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэхийг гүйцэтгэх удирдлагаас шаардаж, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хууль бусаар нөлөөлөхийг хориглох зэрэг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчмыг зөрчиж, хараат бус, бие даасан байгууллага болох МҮОНРТ-ийн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон;
· УИХ-ийн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолын агуулга нь МУИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.9-д заасан “чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, бусад баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох”, 23.2.10-д заасан “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргахад тусгай мэдлэг, мэргэшил шаардагдах асуудлаар туслалцаа үзүүлэх шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах” нийтлэг бүрэн эрхийн хүрээнд ажлын хэсэгт байгуулсан болохыг тодорхой илэрхийлсэн.
Ажлын хэсэг нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт өмнө нь хийгдсэн үнэлгээтэй танилцаж, шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй байтал МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн хуралдаан хууль ёсны эсэх, гаргасан шийдвэр нь хүчинтэй эсэх асуудлаар мэдээлэл сонсож, гүйцэтгэх удирдлагаас уг тогтоолыг биелүүлэхийг шаардаж, уг ажлын хэсгийг байгуулсан УИХ-ийн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг зөрчиж, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хяналтын шалгалтын зорилгод хамаарахгүй асуудлаар, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хяналт шалгалтын арга хэрэгсэлд хамаарахгүй аргыг хэрэглэн, 8 дугаар зүйлийн 8.1-д заасан байнгын хорооны хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих журмыг зөрчиж, илт дураараа аашилсан.
УИХ-ийн ТББХ-ны тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батсуурь, Г.Ганболд нарын эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22.11 дүгээр зүйлийн 1-д заасан дураараа аашлах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна.
Үеийн үед энэ телевизийн үйл ажиллагаанд улстөрчид оролцдог. Нам, төр нь хэвлэлийн эрх чөлөөний дээр сандайлаад суучихдаг муу, гаж уламжлалтай.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд өмнө нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундариас тамгыг хүчээр авч байсан түүхтэй гэдэг. Тодруулбал, тамгыг нь авч шинээр томилогдох захирал Л.Нинжжамцад шилжүүлэн өгсөн “туршлага”-тай нэгэн гэх яриа хуучин телевиз дотор нь эзэн биегүй хөвж л явдаг. Хэрэв тийм бол эл туршлагадаа дулдуйдаж хууль зөрчин МҮОНРТ-ийн ажилтнуудыг дахин доромжилсон нь саяын үйлдэл гэж үзэхээр байна.
МҮОНРТ нь Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хадгалагч, хамгаалах ёстой байгууллага болохоос биш улстөрчдийн шуналын гараа дүрдэг байгууллага биш юм. Хууль засагладаг улсад төрөөс хараат бус байдлаа хэвлэлийн эрх чөлөөгөөрөө хангуулдаг жамтай. Гэвч өнөөдөр ардчилсан гэх Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг нь хамгийн түрүүнд олж үзэх ёстой Үндэсний олон нийтийн телевиз дээр нь төр дураараа “АЖИЛЛАЖ” байна.