Канвон-2024: Азид болох анхны Залуучуудын өвлийн Олимп өнөөдөр эхэлнэ

0

КАННИН, 2024 оны нэгдүгээр сарын 19 /Yonhap/. Залуучуудын өвлийн IV Олимпын наадам Өмнөд Солонгосын зүүн нутгийн Канвон мужид өнөө орой нээгдэх гэж байна.

Тус муж дөрвөн жилд нэг удаа болдог залуучуудын өвлийн Олимпыг Ази тивд анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм. Энэхүү наадам Австрийн Инсбрук, Норвегийн Лиллехаммер, Швейцарын Лозанн хотуудад болж байв. 15-18 насны тамирчид оролцдог уг наадам ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн наадамд дэлхийн 79 орныг төлөөлөн 1803 тамирчин оролцох бөгөөд залуучуудын өвлийн хамгийн том Олимп болох юм. Тамирчид долоон спортын 15 төрлөөр 81 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Зохион байгуулагч орон болох Өмнөд Солонгосоос хамгийн олон буюу 102 тамирчин оролцох ажээ.

2018 оны Пёнчаны өвлийн Олимпын тэмцээн уралдаан болсон хэд хэдэн газрыг Канвонд болох залуучуудын наадмын үеэр дахин ашиглана. Сөүл хотоос зүүн зүгт 160 км зайд орших Каннин хотод мөсний бүх төрлийн тэмцээн болох бол Каннин хотоос баруун зүгт орших Пёнчан хотод цанын харайлт, биатлон, гүйлтийн цана зэрэг тэмцээнүүд болно. Харин ойролцоох Чонсон хошуунд уулын цана, цанын чөлөөт гулгалтыг тэмцээнүүдийг зохион байгуулна.

Алжир, Нигери, Пуэрто-Рико, Тунис, АНЭУ гэсэн таван улсын тамирчид залуучуудын өвлийн Олимпод анх удаагаа оролцох гэж байна. Тэдний дундаас өвлийн Олимпод оролцож байгаагүй Тунисын тамирчдын хувьд залуучуудын анхны өвлийн наадамдаа оролцох гэж байгаа нь энэ ажээ. 

Нээлтийн ёслол Каннин дахь “Gangneung Oval”, Пёнчан дахь “PyeongChang Dome” цэнгэлдэх хүрээлэнд нэгэн зэрэг болно. Тамирчдын парад болон гол ёслолын ажиллагаа Каннин хотод болох бол Пёнчан хотод урлаг соёлын тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулна. Каннинд болох нээлтийн ёслолоос бусад бүх үйл ажиллагааг үнэ төлбөргүй үзэх боломжтой бөгөөд үзэгчид “gangwon2024.com” цахим хуудаснаас үнэгүй эрхийн бичгээ авах ёстой байна. Пүрэв гаргийн байдлаар уг цахим хуудаснаас 350 мянга гаруй тасалбар авчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *