Төрийн албан хаагчдын эх хэл, монгол бичгийн мэдлэгээ дээшлүүлэхэд тус болох гарын авлага хэвлэгдлээ
“Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн гарын авлага”, “Монгол бичгийн заах аргын зөвлөмж”, “Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал” гэсэн гурван багц бүтээлийн нээлт өнөөдөр /2024.01.19/ ШУА-д боллоо. Төрийн албан хаагчдад зориулсан монгол хэл, бичгийн дөрвөн цуврал номыг БШУЯ-наас даалгаснаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн, МУИС, МУБИС, Монцамэ агентлагийн “Хүмүүн бичиг” сонин болон хэлний салбарын эрдэмтэн, багш нартай хамтран уг гарын авлагыг бүтээжээ.
2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуульд “Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх ” гэсэн заалт бий. Мөн хуулийн 7.2-т:
“Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан энэ заалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм.
Хууль хэрэгжих хугацаа тулсан учир 2024 онд төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллах зорилт тавьж, уг гарын авлагыг зохиосон байна. 2019 оны байдлаар төрийн албан хаагчдын 56.3 хувь нь монгол бичиг мэддэг гэсэн судалгааны дүн. Түүнээс хойших дөрвөн жилд энэ тоо нэмэгдсэн байх гэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй эдгээр номыг товч танилцуулах үеэр дурдав.
Тэрбээр, 2025 оноос төрийн байгууллагууд албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах заалтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ дөрвөн боть номыг зохион хэвлүүллээ. Монгол хэлний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн санд өөрчлөлт оруулахтай холбоотой санал дүгнэлт боловсруулах, монгол бичгийн зөв бичгийн дүрэм боловсруулах гэх мэт олон үүргийн хүрээнд бид энэ номыг бүтээсэн.
Төрийн албан хаагчид 2011 оноос эхлэн Монгол хэлний шалгалтыг тестээр өгч байна. Шалгалт өгөх хүмүүст зориулсан эх хэлний мэдлэгээ сайжруулах, сургах ном байгаагүй учир “Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг чадвар, дадал” номыг бүтээсэн юм.
Мөн Монгол бичгийг төрийн албан хаагчдад заах сургагч багш нарт зориулсан анхан ба дунд шатны зөвлөмж бүхий гарын авлага бүтээлээ. Ахисан түвшний буюу IV дэх ботийг мөн гаргахаар төлөвлөж байна.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, ШУ-ы доктор, профессор Г.Батзаяа нар “Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал” гарын авлагын зохиогчоор ажиллажээ.
Эрдэм шинжилгээний ажилтан Г.Батзаяа, Энэ гарын авлагыг бүтээхдээ олон нийтэд зөрүүтэй мэдээлэл түгээхгүйн тулд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2018 онд эрхлэн хэвлүүлсэн Зөв бичгийн дүрмийн журамласан толийг барьж ажилласан. Мөн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” таван боть, Монгол хэлний номны бичгийн хэл гэсэн 15 боть гэх мэт чухал номуудыг барьж ажилласан. Агуулгын тухайд зөв бичгийн дүрмийг судлахад ойлгомжтой байхаар багцлан тусгасан. Гудамж талбай болон хүмүүсийн өргөн хэрэглэдэг алдаатай нэр хаягийг цэгцлэх үүднээс, зөрүүтэй ойлголтыг залруулах зорилгоор сонирхолтой хэлбэрээр нэгтгэн тусгасан.
Ц.Дамдинсүрэнгийн зохиосон кирил бичгийн дүрэм багагүй өөрчлөлт орсон гэх ойлголттой хүмүүс байдаг. Энэ нь ойлголтыг залруулах үүднээс 2018 оны Зөв бичгийн дүрмийн журамласан толь бичгийг товч танилцуулж, Дамдинсүрэн гуайн 1983 оны толь, 2018 оны толиос зөрүүтэй байдаг цөөн үгнүүдийг танилцуулж, номд оруулсан.
Эцэст нь номоо судалсны дараа өөрийгөө шалгах 100-150 онооны сорил оруулсан. Номын төгсгөлд зөв хариу нь бий. Дүгнээд хэлбэл, Төрийн албанд анх орох иргэд энэ номоо судлаад шалгалт өгөхөөс гадна төрийн болон хувийн хэвшлийн ямар ч албаны хүнд өдөр тутмын ажилдаа хэрэглэх ширээний ном болох юм.
Төрийн албан хаагчид манлайлан монгол бичгээ сурах, хэрэглэх ажлыг 2024 оноос ийн эхлүүлж буй бөгөөд энэхүү гарын авлагыг аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар дамжуулан төрийн албан хаагчдад хүргэнэ. Олон нийтийн хэрэгцээнд зориулж цахимаар үнэ төлбөргүй түгээх юм байна.