Бүргэдийн баяр ирэх сарын 4-5-ны өдрүүдэд болно
Бүргэдийн баярыг ирэх сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт, мөн есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулна.
Монгол Улсад зохион байгуулах олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагааны “WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” хуанлид манай улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 үйл ажиллагааг тусгасан.
Дээрх 22 үйл ажиллагааны хоёр нь Бүргэдийн баяр юм.
Бүргэдийн баярыг ирэх сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт, мөн есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулна.
Улаанбаатар хотод “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох Бүргэдийн баярын үйл ажиллагааг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран зохион байгуулах аж.
Хаврын улирал, Наурызын баярыг угтан казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой дээрх үйл ажиллагааны хүрээнд:
-Казах үндэстний урлагийн тоглолт болон ардын урлагийн тоглолт;
-Бүргэдтэй парад (Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах);
-Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн;
-Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн;
-Казак үндэсний тоглоом (көкпар буюу тулам булаалдах, тенге илу буюу газраас зоос шүүрэх тэмцээн);
-Морьтон баатрын шоу тоглолт;
-Харцага, шонхор шувуудын шоу тоглолт зэрэг тэмцээн уралдаан, үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхуулах юм.