Бүх зүйл шүүх засаглалаас шалтгаалах нь!
Монголын Төрийн институцид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байгууллага бий. Ерөнхийлөгч даргалж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрэлдэхүүнд нь багтдаг эл Зөвлөлийн чиг үүрэг нь Төрийн нэгдмэл бодлого боловсруулах, түүнийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих. Шанг нь анх татсан 1992 онд ч тийм байсан, одоо ч уг статус хэвээр яваа. Үндсэн чиг үүргийн гурван яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, тагнуул, цагдаа, онцгой, хил хамгаалах, гааль, гадаадын иргэн харьяат, мэргэжлийн хяналт, татвар, бүртгэл гэсэн 10 тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагатай шууд харилцах, шаардлагатай тохиолдолд Төрийн нууцад хамаарах мэдээлэлтэй танилцах эрх нь Нарийн бичгийн даргад хамаарч ирснээс бусдаар энэ байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил биш. Зөвлөл хуралдсан, зөвлөмж гаргасан албан мэдээнээс өөрөөр бүхэлдээ бүлх залгисан мэт дуугүй явдаг тусгай алба.
Сонирхолтой нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний хоёр нь нүүрсний хулгайг нэг талд нь гаргахаар санал нэгдсэн нь УИХ-ын хянан шалгах Түр хорооноос “Нээлттэй сонсгол” зохион байгуулснаас хойших цаг үес, улс төрд өрнөж байгаа үйл явдлаас харагдах болов. Гэдэг нь Сонсголоор ил болгосон баримт, нэр дурдагдсан улстөрч, УИХ-ын гишүүд, сайд, дарга тэргүүтэй албан тушаалтнуудад хамаарах асуудлыг шүүх байгууллага нь хэрхэн дэнсэлж, ямар шийдвэр гаргах нь тэдний анхаарлын төвд хэдийнэ орсныг хэлж буй хэрэг.
Ерөнхий сайдын тухайд нүүрсний хулгай бодитойг анх зарласан, араас нь тэмцсэн, үргэлжлүүлээд Сонсгол зохион байгуулах хүртэл нь улс төрийн манлайлал үзүүлж ирсэн нэгэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд шүүх засаглал нь шударга ёсны зарчимд нийцүүлэн, бие даан шийдвэр гаргах үндсэн үүрэгтэйг сануулж, ард түмний шаардлагад хариулт өгөхийг намрын чуулганы хааж, алх цохихдоо мэдэгдлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо ч энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатайг онцолсон нь зүгээр ч нэг үг биш гэдгийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, “цагаан захтан”-уудад холбогдох хулгай “Нээлттэй сонсгол”-оор баримтаар ил болсон ч тэдэнд хариуцлага тооцох механизм сул, ялангуяа шүүх шатанд гацаанд ордог нь нийгэмд бухимдал төрүүлэх гол шалтгаан гэдгийг шүүх байгууллагад дайж буй парламентын спикерийн боловсон сануулга нь энэ байв.
Гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн асуудал Сонсголоор хөндөгдсөн даруйд яаралтай арга хэмжээ авах лүндэн буулгаж явсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч ил гарч байр сууриа илэрхийлэхгүй яваа болохоос ҮАБЗ-ийг даргалдгийн хувьд нүүрсний хулгай хаашаа хөтлөхийг хамгийн анхааралтай ажиглаж суугаа дүр нь. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараагаас улс төр, нийгмийн уур амьсгалд шуурга дэгдэхтэй зэрэгцэн нэр бүхий сайд, Ерөнхий прокурор, АТГ, тагнуул, цагдаагийн удирдлагуудыг өрөөндөө дуудан жавтий хүртээж, асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудлыг хөндөж байсан хүн.
Төрийн тэргүүний тангараг өргөхдөө л тэр хэлсэн байдаг юм, “Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгох явдал нэн чухал шаардлагатай байна. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” гэж.
Өөрөөр хэлбэл, хараат бус хуулийн тогтолцоог бий болгох Ерөнхийлөгчийн “тангараг”-ын үг хэрхэн тусгалаа олсныг, бие даан шийдвэр гаргах үндсэн үүрэгтэй хэмээх парламентын спикерийн сануулга шүүх байгууллагад ямар байдлаар буухыг нүүрсний хулгайд холбогдсон хэргийг дэнслэх үйл явцаас харах л үлдлээ. “Нүүрсний сонсгол”-ын Түр хороог даргалсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зүгээс 9177 хуудас бүхий нотлох баримтаар дамжуулан гэмт хэргийн шинжтэй асуудлыг хуулийн дагуу шалгаж, холбогдох арга хэмжээ авахыг прокурор, АТГ, ЦЕГ-ын удирдлагуудад албан бичгээр хүргүүлээд буй. Үндсэндээ нүүрсний хулгайд гар дүрсэн, өнөөг хүртэл оролцоотой явсан хэнбугайг ч нам харгалзахгүйгээр хуулийн хайчинд оруулах эсэх асуудал одоо л гал дуудаж эхэлж байна. Бүх зүйл шүүх засаглалаас шалтгаалах нь гээд байгаа нь ийм л учиртай!