“Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг авч байна

0

“Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна. Тодруулбал, 1958 оны долдугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-н хүртэлх хугацаанд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө “Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргах юм.

“Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэн иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа бүртгүүлнэ.

Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө ч дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлнэ.

Өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй болохыг албаныхан онцолж байна.

Сануулахад, “Насны хишиг”-ийг сар шинийн өмнө мөн Үндэсний их баяр наадмын өмнө олгодог. Ингэхдээ 65 нас хүрснээр энэхүү хишгийг хүртэх боломжтой. Тодруулбал, 65-69 насанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш өндөр настанд 250 мянган төгрөг олгодог юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *