“Гарын хугарлын үед буруу боосноос эрхтэн үхжиж, амь насаа алдах эрсдэлтэй”
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг цувралаар хүргэж байна.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав гарын хугарал, мултрал болон зөөлөн эдийн гэмтлийн үед анхны тусламжийг зөв үзүүлэх, мэргэжлийн эмчид хандах нь учирч болохуйц ноцтой хүндрэл, эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.
Тэрээр “Осол гэмтлийн үед хугарал, мултрал зэрэг гэмтлүүд үүсдэг. Жишээ нь хугарлын үед эмийн болон мэс заслын эмчилгээгээр эмчилж болно. Эрт дээр үед монголчууд ч гэлтгүй хүн төрөлхтөн нэгнээ бэртэж гэмтсэн үед уламжлалт аргаар анхны тусламжыг үзүүлдэг байсан. Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан хөгжихөөс өмнө уламжлалт анагаах ухаан хөгжиж байсан.
Түүнчлэн оточ, маарамбууд тусгай сургалтад сууж, бариа, гар засал, савх модоор чиг тавьж эмчилдэг байсан. Сүүлийн үед анагаах ухаан болон шашны сургуульд сураагүй маарамбууд хугарлын гэмтлийг буруу боосноос хүндрэлүүд гарч байна. Үүнийг “бариачийн балаг” гэж нэрлэдэг. Жишээ нь, тухайн хугарлыг савхаар чиг болгон боохдоо буруу боож, тухайн эрхтэн үхэжсэн тохиолдлууд нэмэгдэж байна. Энэ үед бид мэс заслын олон аргыг хэрэглэдэг. Иргэн та хугарлын бэртэл авсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна” гэлээ.