365 ХОНОГТ ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАРТАЙ 31 ХҮҮХЭД ТӨРЖ, 16 НЬ АМИА АЛДЖЭЭ
“ТЭМБҮҮГИЙН ӨВЧЛӨЛИЙГ КОВИДЫН ҮЕИЙНХТЭЙ ХАРЬЦУУЛАХАД БАГА ЗЭРЭГ НЭМЭГДСЭН Ч 10 ЖИЛИЙН ДУНДАЖТАЙ ХАРЬЦУУЛАХАД ХЭВИЙН БАЙГАА “
Бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүүгийн өвчлөл нэмэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нэгэн хувийн эмнэлэгийн эмэгтэйчүүдийн их эмч Х.Дариймаа “Эмнэлэгт үзүүлж байгаа 10 хүн тутмын гурав, дөрөв нь тэмбүүгээр өвчилсөн байна. Нөхөн үржихүйн насны хүмүүс буюу 18-36 насны эмэгтэйчүүдэд илэрч байна. Тиймээс тэмбүүгийн өвчлөл хавтгайрсан.Тэмбүүгээс салъя гэвэл үндэсний хэмжээнд бодлого боловсруулах хэрэгтэй” гэж нэгэн сайтын сэтгүүлчид ярилцлага өгсөн байдаг. Тус ярилцлагыг үзсэн хүн бүр айж, ирээдүйн залуустаа санаа нь зовж, хүний зөөлөн эдийг мэрж, дуусгадаг өвчлөлд нэрвэгдлээ хэмээцгээж байв. Харин бодит нөхцөл байдал дээр тэмбүүгийн өвчлөл хэр нэмэгдсэн талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамтай уулзаж, нөхцөл байдлын талаар сурвалжилсан юм. Биднийг тус албанд очиход үйлчлүүлэгчид тун цөөн, эмч нар нь тандалт, судалгааны ажилтай гарцгаасан тул эмнэлэгт эл хуль байв.
Тэрбээр “Арван хүн тутмын долоо нь тэмбүүтэй байх үндэслэл байхгүй. Яагаад үүнийг онцолж байна вэ гэхээр манай эмнэлэгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 25-27 хувиас л бэлгийн замын өвчин илэрдэг. Тэгэхээр арван хүн тутмын гурван нь бэлгийн замын халдварт өвчтэй гэж оношлогддог. 20-25 насныхан тохиолдлын бэлгийн хавьталд орох магадлал их байдаг. Бэлгийн замын халдварт өвчин сүүлийн 10 жилийн хугацаанд ихсээгүй. Ковидын үед бага зэрэг багассан. Яагаад гэвэл, нэгдүгээрт хөл хорьсон учир тохиолдлын бэлгийн хавьтал багассан. Хоёрдугаарт, хөл хорьсон учир хүмүүс эмчид үзүүлж чадаагүй. Хөл хорионы дараа бага зэрэг нэмэгдэж байгаа ч дундаж түвшнээс илүү гараагүй гэсэн үг. Эрт илрүүлэгт орж буй 18-34 насны эмэгтэйчүүдийг бэлгийн замын халдварт өвчинтэй эсэхийг нь давхар үзэж байгаа. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан хүн бүр тэмбүүгээр өвдсөн гэсэн үг биш. Өвчний үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг биеийг тодорхойлдог. Тэгэхээр өвдөөд эдгэрсэн хүний биед эсрэг биет тогтдог. Үүнээсээ жинхэнэ өвчтэй, өвчингүйгээр нь ялгадаг. Ингэхээр тэмбүү бол хүн амын дунд нэг хувь ч хүрдэггүй халдварт өвчин” гэв.
Тиймээс бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүүгийн өвчлөл нэмэгдээгүй олон жилийн дунджийн түвшинд байгаа аж. Бүр 10 жилийн дунджаас доор байгаа аж. Тухайлбал, 2023 оны байдлаар 40 мянга гаруй халдварт өвчин бүртгэгджээ. Үүнээс 10 мянга гаруй нь бэлгийн замын халдварт өвчин байгаа. Үүнийх нь 40 гаруй хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлдэг байна. Тус өвчлөлийг багасгах олон төрлийн арга хэмжээ, аян олон нийтийн дунд явуулж байгаа. Гэвч олон нийтийг хамарсан нэгдсэн шинжилгээг зохион байгуулж амжаагүй байгаа аж. Тэгэхээр эрт илрүүлэгийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг бэлгийн замын халдварт өвчтэй эсэхийг нь үзэж, ажил мэргэжлийн онцлогтой холбоотойгоор үйлчилгээний ажилчид, сургалтын багш нарыг үзлэгт хамруулж байгаа юм байна. Тэмбүүтэй хүнийг эмчлэхийн тулд заавал гэр бүлийнх нь хүний хамт эмчлэх ёстой байдаг гэнэ. Тэгвэл бид тэмбүүгийн өвчлөлийг хэрхэн эмчилж болох талаар Ж.Даваалхам эмчээс тодруулсан юм.
Ж.ДАВААЛХАМ: ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТАД ОРОХ ЭМЭГТЭЙЧҮҮД ЗАЙЛШГҮЙ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХГҮЙ БОЛ ЖИРЭМСЛЭЛТИЙН СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГУУДАД ТЭМБҮҮ ИЛЭРДЭГ
-Сүүлийн үед тэмбүүгийн өчвлөлийг хэрхэн илрүүлж байна вэ?
-Жирэмсний үзлэгт хамрагдаж байгаа хүмүүсийн 2.5-3 хувь нь тэмбүү өвчтэй байдаг. Тэгэхээр 60 мянган хүний нь гурван хувь нь тэмбүүтэй байлаа гэхэд 1800 эмэгтэй тэмбүүтэй гэж бүртгэгддэг.
–2023 онд төрөлхийн тэмбүүтэй хэчнээн хүүхэд төрсөн бэ?
-Өнгөрсөн онд 31 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн. Түүнээс тав нь нас барж, 11 нь амьгүй төрсөн бол үлдснийг эмчилж чадсан. Тэдний хувьд амьдрал дуусаж байгаа юм биш. Гэхдээ тэднийг насан туршид нь эмчилнэ гэсэн үг биш. Үүний шалтгаан нь жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтад хамрагдаагүй, шинжилгээ өгөөгүй хүмүүс байдаг. Жирэмсэн эмэгтэй тэмбүүтэй гэдэг нь оношлогдох юм бол 100 хувь эмчилж болно. Жирэмсний хяналтад орж байгаа эмэгтэйчүүд зайлшгүй шинжилгээ өгөх ёстой. Эхний шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй гэж гарсан мөртлөө жирэмслэлтийн сүүлийн 28 хоногт шинжилгээ авахад тэмбүү мэтийн халдвар илэрдэг. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг юм биш. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрдөг.
ТЭМБҮҮГИЙН ӨВЧЛӨЛ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 266 ТОХИОЛДЛООР ӨССӨН БАЙНА
-Тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн үү?
-Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 40.6 хувийг тэмбүү, 35.4 хувийг заг хүйтэн, 23.8 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 266 тохиолдлоор өссөн. 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Архангайд 21.6, Баянхонгорт 13.1, Дорнодод 11.7, Говьсүмбэрт 11.7, Өвөрхангайд 10.4 хувийг эзэлж байна. Улаанбаатарт 13.2 хувь буюу улсын дундаж үзүүлэлтээс 0.2-11.4 өндөр байна.
ХДХВ-ын анхны тохиолдол 32 жилийн өмнө бүртгэгдсэн. Одоо 310 хүн тус өвчнөөр өвдсөн байна. Тус өвчнөөр өвдсөн хүн эмчилгээтэй ч гэлээ бүрэн эдгэрэхгүй. Манай эмнэлэгт эмчлүүлж байсан хүмүүсийн зарим нь 20 гаруй жил амьдарч байна. Тэгэхээр эмч, эмнэлэгийн байгууллагатай хамтарч эмчлүүлж байгаа ХДХВ-ын халдвартай хүмүүс ДОХ-ын хэмжээнд хүрч, нас барахаа больсон.
-ХДХВ-ын халдвартай эмэгтэйчүүд төрөх боломжтой юу?
-Тус өвчнөөр өвчилсөн 21 ээж амаржиж, 30 гаруй хүүхэд төрүүлсэн. Зарим нь хоёр удаа төрсөн гэсэн үг. Тухайн ээжүүд хяналтад байх хугацаандаа эмч нартайгаа ярилцаж, жирэмслэлтээ төлөвлөж, төрсөн гэсэн үг. Хүүхдүүдийн хувьд бүгд эрүүл. Манай эмч нар сайн ажиллаж байгаа. Гэхдээ тус өвчнийг бүрэн зогсоож чадахгүй. Өвчлөлийн тохиолдлыг нэг түвшинд барина гэдэг чухал.
-Тэмбүүг хэрхэн эмчилдэг вэ?
-Гурван удаагийн антибиетоик эмчилгээгээр эдгэрдэг. Гэхдээ заавал хосоороо эмчлүүлэх ёстой. Эмч нар ажлаа хийхгүй бол тэмбүү болон бусад өвчин илрэхгүй гэсэн үг. 2000-аад оны эхээр тус өвчний эсрэг атга дүүрэн эм уудаг байсан. Харин одоо өдөрт нэг эмийг нэг удаа уудаг. Тэр хүн насан туршдаа эм ууж, эмчийн хяналтад байх ёстой. Тэгэхээр бид ХДХВ-ын халдвараар өвчилсөн настангуудыг хяналтандаа байлгадаг гэсэн үг. Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм.
Бэлгийн замын халдварт өвчин нийгмийн нэг эмзэг сэдэв. Тэр тусмаа хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа үүсгэх нь, замбараагүй болон бэлгийн хавьтагчтай байх нь бэлгийн замын халдвар дамжих шалтгаан болдог. Тэмбүүгээ эмчлүүлэхгүй удвал эд эс гэмтдэг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж анхааруулж байгаа ч иргэд ялангуяа залуус тоохгүй, өвчнөө эмчлүүлэхгүй удснаас болж хүндрүүлдэг байх нь. Мөн түүнчлэн Монголд тэмбүүтэй хүүхэд төрөх нь нэмэгдэж байгаа аж. Тэмбүү өвчний илрэх шинж тэмдгийн тухайд эмэгтэйчүүд бэлгийн уруул, үтрээн дотор жижиг яр гарахыг мэдэхгүй өнгөрөх нь байдаг. Мөн эрчүүдийн шээсний булчирхайн шээг дээр нь жижигхэн шалбархай төдий үзэгдэх тохиолдол ч бий. Ингээд хэсэг хугацааны дараа шинж тэмдэг нь алга болдог. Энэ бол тэмбүүгийн нэгдүгээр үе. Ингээд зарим тохиолдолд онцын ноцтой шинж тэмдэггүй байсаар 1-2 жил болоход хоёрдугаар үе рүүгээ шилждэг. Энэ үед дотор эрхтэн тогтолцоонд өөрчлөлт ордог. Тэмбүү бол айхтар өвчин. Цаашлаад гуравдугаар үе шатанд орвол эрхтэн системд эргэшгүй өөрчлөлт гарна. Дээр үед тэмбүү туссан хүмүүсийн хамрын мөгөөрсийг нян идчихдэг байсан. Тэгвэл орчин үед тэмбүү хамрын мөгөөрсийг биш тархины зөөлөн эдийг болон мэдрэлийн эсийг идэж гэмтээснээр гэнэт суумгай болох, хараагүй болох зэрэг эрсдлүүд гарч байгаа. Тиймээс хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, байнга шинжилгээнд хамрагдаж байхыг эмч зөвлөсөн билээ.