АВТОМАШИН НЬ ШАТСАН ИРГЭН: Шөнө дэлбэрэлт болсны дараа машины зогсоол галд өртсөнийг мэдсэн
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан ачааны автомашин осолдож, гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Одоогийн байдлаар гал түймрийг бүрэн унтраагаад байна. Эх сурвалжийн мэдээллээр ослын үед 30 гаруй автомашин шатсан талаарх мэдээлэл ирээд байна. Тиймээс бид түймэрт өртсөн автомашины эзэнтэй холбогдож нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
Тэрбээр “Машинаа Дүнжингарвын зогсоол дээр тавьчихаад гэртээ харьсан юм. Шөнө дэлбэрэлт болсны дараа машины зогсоол галд өртсөнийг мэдсэн. Манай гэр Их монгол хороололд байдаг учраас орон сууц галд өртөөгүй. Миний машин приус 30 маркийн автомашин байсан юм. Одоогоор хохирлоо хэрхэн барагдуулахыг мэдэхгүй байна. Түрүүхэн шатсан машин дээрээ оччихоод ирсэн. Нийслэлийн үнэлгээний газраас дүгнэлт хийнэ гэсэн. Шинжээчийн үнэлгээний дүгнэлт ирэхийг хүлээж байна” гэв.