Ц.Төрхүү ажлаа хий, чадахгүй бол зайгаа тавьж өг!
Нийслэлийн авто замд үүссэн халтиргаа гулгааг цэвэрлэхэд бөхчүүдийг дайчлахаар болжээ. Эл санаачлагыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү гаргасныг Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хүлээн авсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Удахгүй Улаанбаатар хотын гудамжинд том биетэй залуучууд хүрз зээтүү хангинуулан, замын цас мөс, халтиргаа гулгааг цэвэрлэж байвал гайхах шаардлагагүй нь. Бөхчүүд их цэвэрлэгээнд дайчлагдсан гэсэн үг. Гэхдээ яагаад Улаанбаатар хотын Тохижилт үйлчилгээний газраас гадна дүүрэг бүрт авто замын халтиргаа гулгааг цэвэрлэх үүрэг хүлээсэн ажлын албад ажиллаж, цалин авч байж, үндсэн ажлаа хийхгүй бусдыг дайчлах ёстой юм бэ.
Нэг үеэ бодвол Улаанбаатар хотод хэдэн өдөр дараалан цас ороогүй, мөн техник хэрэгслийн хувьд ч бололцоотой болсон. Өмнө нь техник хэрэгсэл муутай, цас их орсон үед Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид үүрийн 04.00 цагт босч, халтиргаа гулгааг цэвэрлэж, аюулгүй байдал хангаад болдог байсан. Одоо гэтэл юу нь болохгүй болчихсон юм.
Олон нийтийн зүгээс “Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид замын халтиргаа гулгаагаа цэвэрлэхгүй байна. Давс бодисоо цацахгүй байна” гэдэг шүүмжлэлийг дайсаар байгаа. Үнэндээ ч өвөл эхэлсэн үеэс л Улаанбаатар хотын хэмжээнд авто замын нөхцөл байдал хүндэрч, автомашинууд зам дээрээ гулган, осол аваар ч гарах болсон. Гэвч өнөөдрийг хүртэл байдал сайжирсангүй, авто зам дээрээ жолооч нар мөргөлдөж шүргэлцэж, явганаар зорчиж яваа нь гэмтэж бэртэн, эмнэлэгт хандан үйлчилгээ авахаас өөр аргагүй болж байна. Өмнө нь Улаанбаатар хотод хэдэн өдөр дараалан цас орж байсан ч өнөөдрийнх шиг мөсөн коток болтол нь даамжруулсан удаагүй.
Ц.Төрхүү менежерээ, бөхчүүдээс дэмжлэг хүсч суухаар Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдаа дайчилж, халтиргаа гулгаагаа цэвэрлэнэ үү. Чадахгүй бол чаддагт нь ажлаа шилжүүлж, тус болно уу даа.