“Nissan Patrol”-ийн жолооч, БХЯ-ны албаны дарга Э.Мөнхнаранг цагдан хориогүй байна

0

 

2024.01.23-2024.01.24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан.

Камерын бичлэгт, тээврийн машин уулзвараар зүүн зүг эргэхдээ, нэгдүгээр эгнээнээс хамт эргэсэн Nissan Patrol маркийн автомашинтай шүргэлцээд, түр зогсож буй. Удалгүй газ алдагдаж, гал гарсан. Харин Nissan Patrol маркийн автомашин гал гарахаас өмнө амжиж, ослын газраас холдсон.

Тэгвэл тус Nissan Patrol маркийн автомашины улсын дугаар 1459 УНМ. Энэ дугаараар шүүж үзвэл Б гэдэг төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа юм. 2012 оноос хойш мөн төрийн Д байгууллагын эзэмшилд байгаад, 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ноос Б-д шилжжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус автомашиныг Э.Мөнхнаран гэгч унаж явсан тул цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан.

Тэгвэл Э.Мөнхнаран нь Батлан хамгаалах яамны харьяа “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ-ын дарга юм байна. Тэрбээр байгууллагын албан сайтын танилцуулга хэсэгт мэндчилгээ дэвшүүлж, яамны харьяа “Соёмбо” сэтгүүлд оны өмнө ярилцлага өгчээ.

Иймд 1459 УНМ дугаартай Nissan Patrol Y62 маркийн автомашины Б гэх бүртгэл нь Батлан хамгаалах яам байж болохоор байна.

Э.Мөнхнарантай холбогдон тодрууллаа.

-Та Nissan Patrol маркийн автомашиныг эзэмшдэг үү?

-Би яг одоо мөрдөн шалгах хэлтэст мэдүүлэг өгч байна. Мэдээлэл өгөх хориотой байгаа.

-Та урд шөнө тэр машиныг унаж явсан уу?

-Тийм. Нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Таныг “Дашваанжил”-ын тээврийн жолоочтой хамт цагдан хорьсон гэх мэдээлэл байна?

-Өглөө 07.00 цагаас хойш энэ асуудлаар мэдүүлэг өгч байна.

Эх сурвалжийн мэдээллээр, “Дашваанжил”-ын жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран нарыг цагдан хориогүй бөгөөд мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Ташрамд, АТҮТ-ийн лавлах утастай холбогдож, 1459УНМ автомашины жолоочтой холбохыг хүсэхэд холбогдсон жолооч нь “Миний нэр дээр ийм машин байхгүй” гэж Э.Мөнхнарангаас өөр хүн хариулж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *