ГАЛД ӨРТСӨН БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД: ШАТСАН ГЭРТЭЭ ОРЛОО, ГЭР МИНЬ АВАХ ЮМГҮЙ БОЛТЛОО ШАТАЖ, УГААЛГЫН ВАНН ХҮРТЭЛ ХАЙЛЧИХСАН БАЙНА ЛЭЭ

0

Баянзүрх дүүрэгт гарсан ослын улмаас 200 гаруй иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч, үүргээ гүйцэтгэж явсан гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдлаа.

            Тодруулбал, нэгдүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд  шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Тухайн үед уг том оврын автомашины тээвэрлэж явсан 60 тонн газтай ёмкос 40 метрийн алслалттай хүчтэй дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас гурван албан хаагч харамсалтайгаар амиа алдсан. Мөн ““Edu apart” шатаж, 60 айл орон оронгүй болоод байна. Бид дэлбэрэлтэд өртсөн байрны оршин суугчдаас нөхцөл байдлыг тодрууллаа.

ОРШИН СУУГЧ Б.НАРАНТОГТОХ: УГААЛГЫН ӨРӨӨНИЙ ВАНН, ТОСГУУР, СУУЛТУУР ХАЙЛААД АЛГА БОЛСОН БАЙНА ЛЭЭ

               Оршин суугчид түймэр бүрэн унтарсны дараа гэртээ очиж, нөхцөл байдлыг харахад бүтэн нэг ч зүйл үлдээгүй байсан талаар ярьж байлаа.

          Оршин суугч Б.Нарантогтох: Шөнө хоёр хүүхэдтэйгээ хамт зурагт үзээд нэг л нойр хүрэхгүй сууж байсан чинь дэлбэрэлт болсон. Унтаж байсан хэдийгээ сэрээгээд л гүйгээд гарцгаасан даа. Манай ам бүл зургуулаа, бага насны гурван хүүхэдтэй. Хэдий гэр орон минь авах юмгүй болж хүнд байдалтай байгаа ч элэг бүтэн үлдсэн дээ баяртай байна. Шөнө эмнэлгийн тусламж аваад, буудалд ирсэн. Хүүхдүүд зовиургүй, томчуудын цээжээр хатгаж өвдөөд байгаа. Өнөөдөр /өчигдөр/ байрандаа очиж, бүтэн зүйл үлдсэн эсэхийг шалгаад, буцаад буудалдаа ирсэн. Гэртээ очиход нэг ч бүтэн зүйл байгаагүй ээ. Зүгээр л балгас болчихсон байсан. Угаалгын өрөөний ванн, тосгуур, суултуур хайлаад алга болсон байна лээ. Үнэхээр нүд халтирч, гол зурмаар байсан даа. Оршин суугчид маань цуглараад хаана хандах, яах ёстой талаараа ярилцахаар болсон.

            Дэлбэрэлтийн үеэр зарим иргэд угаартаж, түлэгдсэн байдалтай байна. Угаартсан иргэдийн тоо тодорхойгүй байгаа бол Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэн ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

УГААРТСАН ИРГЭН Б.ОЮУНБАТ : ХЭВТЭРТ БАЙДАГ ЭЭЖИЙГЭЭ ГАРГААД, БИЧИГ БАРИМТАА АВАХ ГЭЖ БУЦАЖ ОРОХДОО УГААРТСАН

 Гал гарсны мэдсэн даруйдаа дүүгээ сэрээгээд, ээжийгээ гадаа гаргасан. Цонхоор харахад урдаас улаан гал дүрэлзэж байсан даа.  Манай ээж хэвтэрт байдаг юм л даа. Тэгээд гэр лүү гээ бичиг баримтаа авахаар буцаж гүйсэн. Гэрийнхээ хаалгыг нээхэд, урдаас утаа тургисан. Дүү минь намайг ирэхгүй удсан учир миний араас ирэхэд би ухаан алдсан байсан гэж хэлсэн.

               Байрны арын ослын  хаалга түгжээтэй байсан учир оршин суугчид гарах боломжгүй байсан. Ихэнх нь урд хаалгаар гарсан. Харин зарим залуучууд арын хаалгыг эвдэж гарсан байна лээ. Гарахдаа гар, хөлөө гэмтээсэн гэсэн. Оршин суугчид намраас хойш л Сууц өмчлөгчдийн холбоондоо ослын хаалганы түлхүүрээ хувилаад, тараагаад өгөөч гэж хэлж байсан ч тоогоогүй.

             Байраа худалдаж авсныхаа дараа стандартын дагуу баригдаагүй нь мэдээд буцаах гээд чадаагүй юм. Дэлбэрэлтийн үеэр манай байр ганхаж байсан. Энэ балгас шиг болсон байрыг дахин засварлалаа гэхэд бид айдастай амьдарсаар байна шүү дээ. Тиймээс барилгыг нураагаад, дахин байр барьсан дээр байх. Миний биеийн байдал хүнд байгаа учир хүнээр гэрээ харуулсан. Гэрийн цонх хагарсан, цахилгаан хэрэгсэл буудсан, авах юмгүй болсон байна гэсэн. Үнэхээр харамсалтай байна,  хоолойгоор үг давахад ч хэцүү Хаан банкнаас лизингээр авсан, төлж дуусаагүй байгаа. Өөрсдийнхөө буруугаас болж хохироогүй болохоор бачуураад байна аа. Яагаад тийм их хэмжээний газ ачсан машин шөнөөр хараа хяналтгүй явж байдаг юм бэ. Ийм зүйл кинонд л гардаг байх гэж бодож байлаа. Одоо манай гэр бүл орон оронгүй, зээлтэй, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна. Төр иргэдээ энэ өвлийн эд хүйтэн үед “Байр түрээсэл” гээд орхихгүй байх л гэж найдаж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26-Р ХОРООНЫ ИРГЭН Д.УРАНЦЭЦЭГ: ХҮН ЧИНЬ ИЙМ ЗҮЙЛ БОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛӨХГҮЙ, ГАЗАР ХӨДӨЛЖ БАЙНА Л ГЭЖ БОДДОГ ЮМ БИЛЭЭ

               Тус хорооны иргэн Д.Уранцэцэг хувцасны хандив зарлаж, дэлбэрэлтэд өртсөн иргэдэд тараажээ. Энэ талаараа тэрбээр “Манайх шатсан байрнаас 500 метрийн зайд амьдардаг. Шөнө чанга чимээ сонсогдоод, гэртээ чичиргээ мэдрэгдсэн. Хүн чинь ийм зүйл болно гэж төсөөлөхгүй, газар хөдөлж байна л гэж боддог юм билээ. Тэгээд фэйсбүүк орсон чинь дэлбэрэлтийн бичлэгүүд цацагдсан байсан. Тэгээд цонхоороо харсан чинь ““Edu apart” шатаж байсан.

               Айж сандраад, шөнө нойр хүрсэнгүй. Тэгээд иргэд галаас амьд гарахын тулд таарсан хувцсаа өмсөөд, сандраад  гарсан байх. Ядаж өөрийнхөө чадах хэмжээнд тусалъя  гэж бодоод  шөнө өөрийнхөө цахим хуудаст хувцасны хандив зарласан. Өчигдөр өдөр гэхэд хангалттай хувцас цугларсан учир хандиваа зогсоосон. Мөнгөн хандив өгье гэсэн хүн их байгаа учир дансаа нээлттэй тавьсан. Хандивын мэдээллийг нээлттэй хүргэж, хүрэх ёстой хүмүүст нь хүргэнэ ээ” гэлээ. 

““EDU APART”-ИЙН ОРШИН СУУГЧ Л.ЭНХБАТ: ТААРСАН ХУВЦСАА ӨМСӨӨД Л ГАРЛАА

             Дэлбэрэлт болох үеэр иргэд эмх замбараатай нэгэндээ тусалсан учир эрдэнэт хүний амь эрсдээгүй талаар тус байрны оршин суугч Л.Энхбат ярилаа.  

        Тэрбээр “Шөнийн 01:06 цагт эхний дэлбэрэлтийн чимээнээр сэрсэн. Сэрээд цонхоор хартал гал дүрэлзэж байсан. Манайх ““Edu apart”-д амьдраад таван жил болж байгаа.  Эхнэр бид хоёр гарт хамгийн ойр байсан хувцасаа өмсөөд, хүүхдүүдээ аваад хамгийн хурднаараа байрнаас гарсан. Гадаа гарахад маш их дуу чимээтэй, гал гарч байсан учир хүүхдүүд айж, сандарсан байдалтай байсан. Манайх  5-15 насны гурван хүүхэдтэй. Харин манай байрын оршин суугчид ойролцоогоор 10-15 минутын дотор байрнаас бүрэн гарсан. Цахилгаан шатаар хөгшин хүмүүс болон бага насны хүүхэдтэй иргэд бууж харагдсан. Харин залуучууд нь мэдээгүй байх магадлалтай айлуудынхаа хаалгыг нүдэж, сэрээгээд аль болох тайван, зохион байгуулалттай гарсан. Хэрэв бид сандралдаж гүйсэн бол амь эрсдэх магадлалтай байсан байх.  Одоогоор манай гэр бүл ээжийндээ ирээд, нөхцөл байдлыг хараад л байж байна” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *