“С.Амарсайхан, Г.Ариунбуян нар явах ёстой, хариуцлага тооцох ёстой”
Ардчилсан намаас өнөөдөр /2024.01.25/ 4:11 мэдээллийн цагаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян нарт хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдлээ.
Энэ тухай тэрбээр “Монголчууд бид энэ өдрүүдэд гурван сайхан залуугаа харамсалтайгаар цаг бусаар алдлаа. Гурван монгол айлын хүүхдүүд өнчирч үлдэж байна.
Гэтэл гурвын гурван генералтай Онцгой байдлын ерөнхий газар сүүлийн гурван сард дөрөв дэх оршуулгаа хийж байна.
Г.Ариунбуян генералаас асуумаар байна. Бусдыг аврах ёстой аврагчдын тав дахь оршуулгыг хийхгүй гэх баталгаа хаана байгаа юм. Дорнод аймагт өчигдөр яагаад нэг аврагч ухаан алдаад, угаартаад эмнэлэгт хүргэгдэв. Мэргэжлийн удирдлага ер нь хаана байна вэ. Аврагчид дадлага сургуулилалт дээрээ мэргэжлийн дадлагын аврах сургуулилалт хийх биш жагсаалын бэлтгэл хийлгээд байна гэдэг гомдол үнэн үү гэдэгт энэ гурван генерал өөрсдөө олон нийтийн өмнө хариулах ёстой.
Г.Ариунбуян генерал сая болсон ослыг “Хэлж ирдэггүй хийсч ирсэн” гэж тайлбарлаж харагдана лээ. Ийм гамшигт бэлэн байх ёстой хүн нь тэр хүн өөрөө биш юм уу. Салхи салхилахгүй бол утаа арилахгүй байна гээд тайлбарлаад зогсч байдаг сайд шиг гамшиг юм чинь яаж ч чадахгүй нь гээд зогсож байдаг удирдлага байж болох юм уу.
Гурван аврагчаа алдсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын 63 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс гэж байна. Энэ анги, хэлтэс Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны шилдэг анги болсон.
Тус ангийн дарга нь энэ шагналыг олгож байгаа Г.Ариунбуян генералын туслахаар ажиллаж байсан. Залуучууд сайн мэднэ. Монголын нэртэй рэп хамтлагийн дуучин асан, дэд хурандаа н.Пүрэвжав гэж хүн байна. Мэргэжлийн удирдлага нь хаана байна вэ. Шилдэг анги болчихоод яагаад гурван хүнээ алдаад байгаа юм бэ.
Хохирогчдын групп гээд маш олон хаалттай групп бий. Энэхүү группт 63 дугаар ангийн хашаан дотор баригдаж байгаа “Онцгой хотхон” сүүлийн 5-6 жил баригдаагүй гэдгийг бичиж байна. Хэзээ Онцгой байдлын албаны албан хаагчид орон байртай болох вэ.
Газын дэлбэрэлтэд 100 гаруй тээврийн хэрэгсэл ашиглан, 600 албан хаагч ажиллаж унтраасан гэсэн. “Дүнжингарав” захын хашаан дотор мэргэжлийн шахуургатай олон тооны цорго байдаг, гэтэл яагаад 100 гаруй машинаар ус зөөж байна вэ. Яагаад мэрэгжлийн удирдлагаар хангахгүй байгаа юм бэ. Яагаад энийгээ мэдэхгүй байна вэ.
Хийтэй тэмцэх гал унтраах журам байдаггүй гэж Г.Ариунбуян генерал хэлж байна лээ. Гал унтраах дүрмээ нэг удаа сөхөөд өөрөө уншчихмаар байна. Даргын суудлаас хөндийрөөд мэргэжлийн ажлаа хиймээр байна. Г.Ариунбуян генерал явах ёстой, хариуцлагаа хүлээх ёстой. Хариуцлагаа хүлээсний дараа нэг асуудал байна. Г.Ариунбуян генерал явна, дараа нь нэг хурандаа юм уу, хошууч ирнэ. Тэр хүн юу хийнэ гээч хэсэг хугацаанд байж, генерал цолоо аваад явна. Аврагч нарын ажил амьдрал хангамж яг хэвээрээ үлдэнэ.
Аврагч нарын сарын цалин 1 сая төгрөг. Төрийн тусгай гэдэг ангиллаар Шадар сайд С.Амарсайхан цалинг нь олгодог.
Онцгой байдлын газрынхнаас ганц хүн хамгийн өндөр цалинг авдаг нь Г.Ариунбуян генерал. Гал дээр ажилладаг, амь насаа алддаг аврагч нар хамгийн муу цалинг авдаг. Энэ шударга ёс юм уу. Ийм байж болдог юм уу.
Стандарттай холбоотой асуудал ярьж байна. С.Амарсайхан сайд ээлжийн алхагч нь өгөх ёстой мэдээллийг өгөөд явна лээ. Тэр нэгдсэн удирдлагаар л хангах ёстой. Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх автомашиныг шалгах арга хэрэгсэл гэж байна. Стандартчилал хэмжил зүйн газрын сайт руу ороход энэ мэдээлэл гарч ирэхгүй, яагаад гэвэл мөнгө төлж харна. энэ стандартыг
Энэ стандарт нь Оросын стандартаас хуулбарласан. Өдий олон жил болоход Монголын үндэсний стандарт яагаад байхгүй, Оросын стандартыг шинэчилж болдоггүй юм. С.Амарсайхан явах ёстой. Г.Ариунбуян явах ёстой.
Тэд явахлаар дараагийн С.Амарсайхан, Г. Ариунбуян ирнэ. Энэ бүхэн тогтолцооны өөрчлөлт рүү орох ёстой, засаглалын хямралаа өөрчлөх ёстой. Бүх зүйлийг хууль эрх зүйн төвшинд цоо шинээр эхлүүлэхгүй бол болохгүй нь. Эрх баригчид иргэд буруутай, Ардчилсан нам буруутай гэдэг байдал руу явж байна. Ийм учраас бид аргаа бараад илүү том бодлого хэрэгжүүлэхийн тулд тодорхой шаардлага хүргүүлж байна гэлээ.