Н.Баатаржав: Манай компани жолоочдоо бүх талын туслалцаа үзүүлж, хамгаална
Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав “Юуны өмнө ослын газар ажиллаж байгаад амь насаа алдсан алба хаагчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ удаа санамсаргүй, давагдашгүй хүчин зүйл боллоо. Энэ осолд өртсөн иргэдийг хурдан эдгэхийг хүсэж байна. Гэнэтийн аваар осол гарсанд харамсаж байна.
Манай компанийн ажилтан Рэнцэндорж 1984 оноос хүнд даацын машин жолоодож байгаа туршлагатай жолооч, онц тээвэрчин. Энэ хүн ажиллаж байхдаа осол аваар гаргаж байгаагүй. Манай компанид 2019 оноос хойш ажиллаж байгаа буруу зуршилгүй шилдэг ажилтан” гэдгийг хэллээ.
Тус компанийн зүгээс “Монгол Улсад мөрдөгддөг хийн аюулгүй ажиллагааны дүрэм, аюултай ачаа тээвэрлэх тусгай шаардлагын дагуу шингэрүүлсэн хий тээвэрлэдэг машинуудаа тоноглодог. Шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг. Одоогийн байдлаар 20 орчим тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.
Стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтоосон маршрутын дагуу, заасан цагт тээвэр хийсэн. Замын-Үүдийн тээвэр хийхээр хотоор нэвтэрч байсан тээврийн хэрэгсэл” гэсэн тайлбарыг өглөө.
Тус компанийн захирал Н.Баатаржав “Мэргэжилтнүүд болон хуулийн баг гаргаж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон асуудалд үнэлэлт дүгнэлт хийж, иргэд, ААН-ийг хохиролгүй болгох ажлыг хуулийн хүрээнд, бүр боломжоороо хийнэ. Мөн жолооч Рэнцэндоржид хуулийн болон эдийн засгийн бүх туслалцааг үзүүлж, хамгаална” гэдгээ мэдэгдэв.