Гарман дээр морио сольж бас болдог!
Түүнийг Э.Одбаяр гэдэг. Ардчилсан намын 80-аад оны төлөөлөгчдийн нэг. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг түрдээ хашиж яваа залуу улстөрч. Л.Гантөмөр түүнд намынхаа “гал тогоог” түр даатгасан нь нэг талаар гадна, дотны шахаа, шантаажид автсан, нөгөө талаар цаашдаа хамтрах үгүйгээ харзнах гэсэн арга заль нь гэж харагддаг, уншигддаг. Харин Э.Одбаярын хувьд энэхүү хоёр сар бол улс төрд танигдах, үгүйдээ л намынхандаа хүлээн зөвшөөрөгдөх хугацаа. Гэвчиг тэр АН-ыг удирдан чиглүүлэх нь бүү хэл намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байна. Улс төрийн намын генсек нь улс төрийн сонгуульд намаа удирдан чиглүүлэх гол оролцоотой хүн. Энэ талаасаа илүү шинжлэх ухаанч, илүү стратегич хүн байхыг шаарддаг. Э.Одбаяр парламентын хоёр, Ерөнхийлөгчийн нэг сонгуульд намдаа ялалт авчирсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай халз үзнэ. Улс төрийн явсан замнал, намтар түүхийг нь бүр орхиё, өөрийнх нь үнэт зүйл, харизмыг нь харахад Д.Амарбаясгаланг давж гарах ухаан болоо эр зориг түүнд алга.
1.
Монголчууд гарман дээрээ морио сольдоггүй гэдэг юм. Энэ үгийг улстөрчид албан тушаалаа авч үлдэхдээ ашигладаг. Үнэндээ, муу морьтой гарам гатлаж болдоггүй. Энэ бол амьдрал дээр батлагдсан теором. Занг нь мэдэхгүй морьтой гарам гаталбал живж үхэж мэднэ. Тиймээс гарам гатлахдаа сайн хүлэг, адаглаад ааш зангийг нь мэддэг, ядаж аваад булгичихгүй морио унах хэрэгтэй. Ус туулах, улстөрд хол явах хоёр нэг талаараа ижилхэн.
Э.Одбаяр Ардчилсан намыг мэдэхгүй, Ардчилсан намынхан Э.Одбаярыг сайн танихгүй. Иймээс Ардчилсан нам гарам гаталмаар байгаа бол унаж буй морио солих шаардлагатай болж байна. Төрийн албанд улстөрчдийн тавиулууд цөөнгүй. Харин улс төрийн нам хэн нэгний улс төрийн тавиултай сонгуульд оролцвол унана, ялагдана. Ардын нам дээрээс ирсэн тушаал даалгавартай хэнийг ч дагаад явдаг бичигдээгүй дүрэм, босоо тогтолцоотой нам. Атал Ардчилсан нам өөр. Таван намаас нэгдсэн нам болоод тэр үү, АН дарга төвтэй биш. Дотроо олон фракцтай, олон үзэл бодол дээр суурилагдсан намыг намтар түүх “нимгэн”-тэй тэгээд тэр нь элдвийн наана, цаана асуудалтай залуу удирдана гэвэл ихээхэн хүчин зүтгэл шаардагдана, эрсдэл ч туулна. Ядаж байхад сонгууль болоход ердөө тавхан сарын хугацаа үлдсэн болохоор.
Найман жил ялалтын ард, гудамж метрлэж яваа АН ирэх зургадугаар сарын 28-нд болох УИХ-ын сонгуульд ээлжит ялагдлаа хүлээвэл хариуцлагыг нь Л.Гантөмөр хар толгойгоороо, ганцаараа хүлээнэ. Эсрэгээрээ АН ялалт байгуулбал, бялуунаас нь бүгд хүртэхийг хүснэ, амжилтаа хуваалцахыг шаардана. Иймээс Л.Гантөмөрт хоёрхон сонголт байна: Гарман дээрээ морио солих уу, эс солих уу?! Амиа бодох уу, АН-ыг бодох уу?! Морио эс соливол Зи, Женкотойгоо бүгд унана.
Үүний эхлэл нь улс төрд, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнд намынхаа бодлого, стратегийг хариуцуулах хэрэгтэйй. Ингэж чадвал Л.Гантөмөр ялалт байгуулдаггүй юмаа гэхнээ ямар ч байсан 11 суудлаа ахиулна.
Ардчилсан нам ялах эсэх нь нийгмийн хүлээлт болсон. Тиймээс олон нийтийн итгэл, иргэдийн хүлээлтийг Л.Гантөмөр Э.Одбаяраар тулж болохгүй. Э.Одбаярын мэдлэг чадвар, улс төрийн эр зоригийг нь Л.Гантөмөр үнэлсэндээ намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг бэлэглэсэн гэвэл итгэх хүн улстөрд байтугай намд нь ч байхгүй.
2.
Ардын намд ачааны хүндийг 80-аад оныхон үүрч байна гээд Ардчилсан нам 80-аад оны ямар ч хамаагүй хүнд ачаа үүрүүлбэл алдаа болно. Э.Одбаяр алдаж болох ч Л.Гантөмөрт алдах, Ардчилсан намыг улс төрийн тавцангаар арчуулах эрх байхгүй. Ардчилсан намын хувьд үхэх, сэхэхээ үзэх хамгийн сүүлийн сонгууль ч байж мэднэ. Ардчилсан нам ялагдвал Монголд сөрөг хүчингүй ардчилал бий болно. Сөрөг хүчингүй ардчилалтай улс гэж дэлхийд хаана ч байхгүй. Сөрөг хүчин нь хүчтэй байж гэмээнэ ардчилал тогтоно, хамгаалагдана. Ийм учраас Ардчилсан нам энэ сонгуулиар засгийн эрх авч чадах эсэхээс илүү ардчилал ялах уу, ялагдах уу гэсэн сонголтын өмнө зогсож байна. Тэр тусмаа Л.Гантөмөрийн бодлого, сонголтоос түүний нам ялах эсэх нь шийдэгдэнэ.
Аль ч улстөрчдөд, зөвхөн улстөрч гэлтгүй удирдагч, лидер хүнд өөрийн баг хэрэгтэй байдаг. Тэгэхээр нэг бол Л.Гантөмөр Э.Одбаярыг өөрийн хүнээ болгох ёстой. Х.Баттулгын хүнд өөрийн нууц, стратегиа дэлгэж болохгүй. Х.Баттулга С.Эрдэнийн хэлдгээр оросуудын гар хөл мөн бол бүр ч болохгүй.
Эсвээс өөрийнхөө хүнд намынхаа гал тогоог хариуцуулсан нь дээр. АН-ын “Нэг Ардчилал” Л.Гантөмөрийн үүсгэн байгуулсан фракц. Энэ фракц дотор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хийчих одбаярууд зөндөө олдоно. Бусад фракциуд дунд намдаа ялалт авчирч чадах, намынхаа төлөө зүтгээд ирсэн наяад оныхон зөндөө бий.
“Үүр цайж тахиа донгодохоос өмнө чи надаас гурвантаа урвах болно” гэж Есүс нэгэн дагагчдаа хэлсэн юм гэдэг. Түүн лүгээ сонгууль болохоос өмнө Л.Гантөмөрөөс, АН-аас Э.Одбаяр гурвантаа урвахгүй гэх газаргүй. Ингэж хэлэхийн шалтгаан нь АН-д анх түүнийг өлгийдөж авч, өсгөж хүмүүжүүлсэн нь С.Эрдэнэ. Атал С.Эрдэнийн улс төрийн карьер дуусахтай зэрэгцээд тэрбээр Х.Баттулгад шадарлах болсон гэх яриа тамхины цэгийн хов биш нь ойлгомжтой. Тэр ч бүү хэл АН-д тавьсан Ардын намын БЭТ гэдэг нь түүний өөрийнх нь үг-үйдлээс гарсан нэр хоч болов уу.
Хэрэвзээ тэрбээр МАН-аас АН-д тавьсан БЭТ үнэхээр мөн бол Ардын намын генсектэй Ардчилсан нам хэр хол явж чадах вэ? Тиймээс Л.Гантөмөрийг тамга, тэмдгээ албан ёсоор авсан үеэ Ардчилсан намд Ардчилсан намын генсек хэрэгтэй болохыг сануулаад явсан хэрэг. Л.Гантөмөр Ардчилсан намыг ялуулмаар байгаа бол гарман дээрээ морио сольсон нь дээр гэж зөвлөе. Тэр тусмаа хүний “бэлэглэсэн” морьтой гарам гаталбал, усанд унаж үхэж мэднэ. Ус туулж үзээгүй морьтой ус туулж болдоггүй юм л даа!