Гал гарсан газрыг УЕП, Тагнуулын удирдлага нь наймаалцсан гэдэг мэдээлэл бий
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр “Нийтийн тээвэр ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Даваа гаригаас хичээл сургууль эхэлнэ, дугаарын хязгаарлалт зогсоно, ирэх долоо хоногоос тэг зогсолт эхэлнэ. Хот дотуураа аюултай ачаа бараа тээвэрлэдэг, тэр бүү хэл төмөр замаараа хот дотуураа аюултай тээврийг хийдэг. Маш ойрхон олон орон сууцны хорооллууд, барилгууд үйлчилгээний төвүүд шахаж барьсан. Тойрог замын асуудлыг ярилаа, шийдье гэтэл газрын асуудал хүндрэлтэй. Нийслэл хот маань дарьтай торх шиг байна. Уг үндэс нь газрын асуудлаас эхлээд явсаар байгаад авлига дээр очиж байна. Газрын авлига олон жилийн асуудал. Сүүлийн 20 жилийн асуудлаас болж Улаанбаатар хот хэн ч гарч ирээд шийдэх боломжгүй төвшиндөө хүрч, чинээндээ тулсан байна.
Асуудлын уг шалтгаан нь авлига, газар олголт. Тийм учраас иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд, авлигатай тэмцэх Засгийн газрын бодлого, Ерөнхий сайдын бодлогын хүрээнд парламентын төвшинд нийслэл Улаанбаатар хотын газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, Түр хороог Хууль зүй дотоод хэргийн сайд ахалж ажиллах чиглэлийг өглөө” гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.
-Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар шийдвэрлүүлнэ гэсэн үг үү?
-УИХ-ын хаврын ээлжит бус чуулган хуралдуулах байх. Энэ үеэр Түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ. Ерөнхий сайд Түр хороог Хууль зүйн сайдаараа ахлуулъя гэдэг улс төрийн шийдвэрээ гаргаж, УИХ -ын даргад хандахаар болсон гэсэн үг.
-Сая гал гарсан газар орчим нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хамаардаг гэсэн мэдээлэл бий. Танд энэ талаар мэдээлэл бий юу. Энэ газрыг хаанаас хувийн хэвшлүүдэд олгосон юм бол?
-Мэдэж байгаа. Хүний өөрийнгүй юм болсон, хэсэгчилж зарсан тэр хавийн газрыг. Энэ бас миний тойрог. Би бас тодорхой мэдээлэлтэй байдаг. Улсын ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын ерөнхий газрын удирдлага нь энэ газрын наймаанд оролцсон гэдэг мэдээлэл байдаг.
НЭМЭЛТ:
“Хоёр жолоочийг өөрсдийн амь насанд эрсдэл үүсгэж болзошгүй үндэслэлээр баривчилсан”
Засгийн газрын өнөөдрийн /2024.01.25/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ сарын 23-нд Баянзүрх дүүрэгт болсон ноцтой ослын талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаас нэгдүгээрт, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж, эрсдэлд орсон онцгой албан хаагчдын ар гэрт олгох мөнгөн тэтгэмжийг шийдвэрлэлээ.
Ослын улмаас түлэгдэж, угаартсан иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай зардлыг мөн Засгийн газраас шийдвэрлэж байна.
Ослын улмаас 60 айлын орон сууц гал түймэрт өртсөн. Үүний улмаас 190 гаруй иргэн зочид буудалд амьдарч байгаа учраас орон сууцыг засахтай холботой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ” гэв.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянгийн өгсөн мэдээллээр дээрх иргэдийг түрээсийн байраар хангахад зориулж 1,4 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ.
Мөн тэдний өгсөн мэдээллээр газ тээвэрлэж яваад осол гаргасан “Дашваанжил” компанийн нэр дээр бүртгэлтэй дээрх автомашин нь шатах тослох материал тээвэрлэх зөвшөөрлийг аваагүй байсан нь хуулийнхны шалгалтаар тодорхой болсон гэлээ.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга Н.Мишигдорж “Хоёр жолоочийг шүүхийн зөвшөөрөлтэйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Ослын улмаас гурван хүний амь нас хохирсон, 10 хүн бэртэж гэмтсэн, орон сууц галд өртсөн, их хэмжээний хохирол учирсан, сэтгэл санааны байдал тогтворгүй, бусдын болон өөрсдийн амь насанд хохирол учруулж болзошгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорт мэдэгдэн, шүүхийн зөвшөөрөлтэйгээр хоёр жолоочид дээрх арга хэмжээг авсан.
Хэргийн газарт цагдаагийн байгууллагын 89 мөрдөн байцаагч ажиллуулсан. Хэргийн газрын үзлэг шалгалт өчигдөр дууссан тул өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах ажиллагаа эхэлж байна. “Дашваанжил” компани буруутай юу, буруугүй юу. Хоёр жолооч осолд буруутай юу, буруугүй юу гэдэг бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна” гэлээ.