Сурагч: Цонхоо нээхээр бензин үнэртээд байдаг, эрүүл аюулгүй орчинд сурах эрхийг минь битгий зөрчөөч

0

БЗД-ийн 14-р сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж багш, ажилчид, хүүхдүүд, эцэг эхчүүд, оршин суугчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ.

Оршин суугчийн төлөөлөл “Төр бизнес эрхлэгчдээ дэмжих нь зөв ч ард иргэдээ аюултай нөхцөлд амьдруулна гэсэн үг биш. БЗД-ийн 14-р сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТС-ын эргэн тойронд амьдарч буй иргэдэд шатахуун байнга үнэртдэг. Шунхлай группт ганц ШТС-аа нүүлгэх нь асуудал биш гэж бодож байна. Энэ компанийн хүмүүст сэтгэл байхгүй байна.

Манай хорооны Засаг дарга бид хоёр тус компанид хашаагаа татаж явган хүний зам гаргаад өгөөч ээ гэхээр хоёр компанийн дунд тойруулаад өнгөрчихдөг. 14-р сургуулийн хүүхдүүд цонхоо онгойлгож чаддаггүй. Тэр хүүхдүүд хүчил төрөгчийн дутагдалд орж байна шүү дээ.

Олон жилийн турш “Шунхлай ШТС” галын аюулаас хамгаалах тусгаарлагч хана бариагүй. Саяхан буюу өнгөрсөн наймдугаар сард хашаа л барьсан. Тэр жижигхэн төмөр хашаа хэзээ ч галаас хамгаалахгүй. Хэрвээ гал гарвал тэнд амьдардаг оршин суугчид газрын хөрснөөс арчигдана” гэв.

14-р сургуулийн сурагчийн төлөөлөл “Манай сургууль А, С жигүүрийн байртай. Ангийнхаа цонхыг онгойлгохоор бензин үнэртдэг. Сургуулиас тусгаарлах хана бариач гэж хүсэлт өгөхөөр барьдаггүй байсан.  

Манай ангийнхан бензин үнэртээд байна, ингэж байгаад дэлбэрчих вий дээ гэж тоглоом шоглоомоор хэлдэг ч энэ бол маш санаа зовох асуудал. Бидний эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг битгий зөрчөөч ээ гэж хүсэж байна” гэлээ. 

Энэ асуудлаар Шунхлай группээс тодруулахад дараах хариултыг өгөв.

Медиа группийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнхтуяа “Надад ирсэн мэдээллээр тус дүүргийн ШТС-ын эргэн тойронд байрлаж буй орон сууц сүүлд баригдсан. Өөрөөр хэлбэл тус газрын анхдагч барилга бол шатахуун түгээх станц гэсэн үг. Тухайн орон сууцыг барьсан компаниуд барилга барих зөвшөөрлөө  ШТС-тай ойрхон талбайд авсан байгаа юм. Энэ шалтгаанаас болж олон удаагийн шүүх хурлаар орсон ч буцаагдаад байдаг юм.

14-р сургууль өргөтгөлийн барилгаа барихдаа шатахуун түгээх станцтай ойртуулаад барьчихсан. Хашааг 1,5 метр татаж явган хүний зам барих зай гаргах талаар Хьюндэй моторс ХХК-тай тохиролцох боломжтой. Хамгаалалтын хана хэт өндөр, хүнд бетон хийцтэй байвал тогтворгүй, салхины чиглэлийн дагуу сургуулийн талбай уруу унах эрсдэлтэй учраас хөнгөн, салхины ачаалал сарниулах завсартай, өндөр температурт тэсвэртэй зэргийг тооцоол ган хаалт хийсэн” гэх хариултыг өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *