Монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар ярилцав
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 26 .
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр, Солонгосын талтай Монгол Улсын иргэдийн тус улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хөндөж ярилцсан.
Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр авах арга хэмжээний тухай” 166 дугаар тогтоолыг өнгөрсөн онд баталж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамны зүгээс болон хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар БНСУ-ын холбогдох яам, байгууллагатай тогтмол уулзалт хийж ирсэн байна. Үүний үр дүнд манай иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим тодорхой хөнгөлөлтийг Солонгосын тал үзүүлж эхэлжээ.
Дээрх ажлын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд нар энэ сарын 19-нд БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юүтэй Сөүл хотноо албан уулзалт хийж, монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар тодорхой саналыг тавьж, харилцан санал солилцов. Тухайлбал, олон удаагийн виз авах шаардлагыг хангасан иргэдийн визийн хүсэлтийн хариуг ЭСЯ-наас 7-14 хоногт багтаан өгөх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, хил дээрээс буцааж байгаа монгол иргэдийн тоог эрс багасгах, БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг өршөөлийн аянд хамруулан нутаг буцаах, аяны хүрээнд тус улсыг сайн дураар орхин гарсан иргэдэд дахин виз мэдүүлж, хууль ёсоор зорчиж болно гэсэн баталгааг гаргаж өгөх зэрэг асуудлаар санал солилцжээ.
БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юү манай талын дээрх саналыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарч, тодорхой, бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.
Мөн БНСУ-д зорчиж буй монгол иргэдэд шаардлагатай зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэх, тус улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх хамтарсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохирлоо.
Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газар болон БНСУ-ын Цагаачлалын байгууллага болон Гадаадын иргэн, харьяатын газар хоорондын хамтын ажиллагаа, олон талт уулзалтын хүрээнд Монгол Улсын иргэдийн визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээрх 3 саналыг шийдвэрлэж, үр дүнд хүрсэн.
Ташрамд дурдахад, БНСУ-д байгаа 54000 гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь манай улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой шийдвэр гаргахад томоохон сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Иймд, БНСУ-д хууль бусаар оршин суухын сөрөг нөлөөг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг хоёр тал хамтран зохион байгуулсны үр дүнд, 2023 онд 20 000 гаруй монгол иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол энэ тоо 2024 оны 1 дүгээр сарын байдлаар 18 000 гаруй болж буурсан байна. Энэ нь хоёр талын хамтын ажиллагааны бодит үр дүн юм.