“МИАТ”-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Голомт”-ын Д.Баясгалангийн компанид давуу эрх олгож “зорчигчийн хоол” катерингийн үйлчилгээний гэрээ байгуулсан уу
“МИАТ” ТӨХК-аас 2023 онд хоёр ч удаа зарласан 9.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Зорчигчийн хоол” катерингийн үйлчилгээний тендерт “Ред рок катеринг” ХХК хууль бусаар шалгарсан тухай гомдол Сангийн яаманд ирсэн байна. Засгийн газраас албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх тухай улиг болтол ярьж байгаа ч төрийн өмчит компаниуд дээр нь тендерийн будлиан, нэг компанид илт давуу байдал олгодог жишиг өнөөдөр ч амь бөхтэй байгаагийн жишээ энэ.
Тэгэхээр 9,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэ тендерт “МИАТ” ТӨХК-ийн өнөөгийн удирдлагууд болох гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Санхүү удирдлагын газрын захирал Н.Цэгц, Бизнес удирдлагын газрын захирал Н.Батдарь нарын зүгээс нөлөөлсөн үү, “Ред рок катеринг” ХХК-д давуу байдал олгов уу гэх асуудал сөхөгдөж байгаа юм. Энэ бол Сангийн яамны биш хууль хяналтын байгууллагын шалгах асуудал. Харин эрх баригч МАН болон Засгийн газрын зүгээс энэ асуудлыг аль болох хойш нь тавьж байгаа сурагтай.
Шинэ компани ба эргэлзээтэй шалгаруулалт
“МИАТ” ТӨХК нь 2023 онд давхардсан тоогоор нийт 96 тендерийг олон нийтэд нээлттэй зарлажээ. Үүнээс хамгийн өндөр дүнтэй нь агаарын хөлгийн иж бүрэн даатгал 11.5 тэрбум, зорчигчийн хоол 9.5 тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулт байгаа юм.
“Зорчигчийн хоол” катерингийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах 9,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тендерийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр анх зарлажээ. Тендерийг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр нээхээр товлосон ч үр дүнг 7 дугаар сарын 18-ны өдөр “tender.gov.mn” сайтад тавихдаа холбогдох бичиг баримтаа ирүүлсэн 5 компаниас шаардлагад нийцсэн тендер ирсэнгүй гэж үзсэн байна.
Тиймээс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ахин тендерийг нээлттэй зарлаж, хуулийн дагуу 10 дугаар сарын 09-ний өдөр нээсэн аж. Тендерийн үр дүнг 11 дүгээр сарын 29-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны сайтад зарлан мэдээлжээ.
Тендерт “Эйркатеринг”, “Ред рок катеринг”, “Нүхттур” ,”Блүфин катеринг сервис”, “Үлэмж Эс Жи Жи” катеринг, “Номадс катеринг энд интегрэйтед сервисис” гэх зургаан компани бичиг баримтаа ирүүлж, “Ред рок катеринг” 8 тэрбум 659 сая 943 мянган төгрөгийн үнийн дүн ирүүлснээр үйлчилгээний эрхийг авсан байна.
Мэдээж, дээрх компаниудын дийлэнх нь өмнө нь агаарын тээврийн компаниудад катерингийн үйлчилгээ үзүүлж байсан, туршлагатай. Гэтэл 2019 оны 12 дугаар сард байгуулагдсан, энэ салбарт өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй “Ред Рок катеринг” компани шалгарсан нь тендерийн сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдсан уу, үнэлгээний хороо анхнаасаа тус компанийг шалгаруулах зорилготой байсан уу гэх мэт эргэлзээ, хардлага төрүүлэх нөхцөл байдлыг үүсгэжээ.
Тиймээс “Зорчигчийн хоол” тендерт оролцсон компаниудаас гүйцэтгэгчийг хууль бусаар сонгон шалгарууллаа хэмээн Сангийн яаманд гомдол хүргүүлж, тендерийн сонгон шалгаруулалт дээр хяналт шалгалт хийхийг хүссэн байна. Учир нь, “Эйркатеринг” гэхэд 7.7 тэрбум төгрөгийн үнийн санал өгсөн ч татварын өртэй, “Үлэмж Эс Жи Жи” катеринг 8 тэрбумын үнэ өгсөн ч түншлэлийн бичиг баримт дутуу, “Нүхттур” санхүүгийн тайланг баталгаажуулаагүй, “Номадс катеринг энд интегрэйтед сервисис” 8,9 тэрбум төгрөгийн үнэ ирүүлснээр хамгийн бага дүн биш гэх шалтгаанаар хасагдсан байтал энэ салбарт огт ажил үйлчилгээ явуулж байгаагүй компани шалгарсан нь хардлага төрүүлэх нь тодорхой.
“Ред Рок катеринг”-ийн хувьд 2019 оны 12 дугаар байгуулагдсан бөгөөд Төрийн худалдан авах ажиллагаанд 2022, 2023 онд хэд хэдэн удаа оролцсон ч ганцхан МИАТ-ын гэрээний эрхийг авчээ. Хамгийн сүүлд буюу 2023 оны 8 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн кемп түрээс, катерингийн тендерээс хасагдсан бол “МИАТ” ТӨХК “зорчигчийн хоол” катерингийн тендерт шалгарсан байна.
Гэхдээ “МИАТ” ТӨХК зорчигчийн хоол катерингийн үйлчилгээний тендерийг анх 2023 оны 4 дүгээр сард зарлаж, 2023 оны 7 дугаар сарын 18-нд үр дүнг мэдээлэхдээ “Ред Рок катеринг”-ийг хассан байдаг.
Ингэхдээ шалгаруулалтад түншлэлээр хамтран орсон “Скайкатеринг” ХХК нь татварын үлдэгдэлтэй, мөн санхүүгийн чадавхаа баталсан тодорхойлолт, зээл зээлийн өрийн үлдэгдлийн талаар ямар ч мэдээлэл ирүүлээгүй гэх шалтгаанаар хассан атал ердөө сарын дараа ирүүлсэн материал нь шаардлага хангасан учраас тухайн тендерт оролцсон компаниуд байтугай хөндлөнгийн хүнд ч эргэлзээтэй санагдана.
Нэг эзэнтэй компанидаа үйлчилсэн гэрээг ирүүлжээ
Сангийн яамнаас тус тендерийн гомдлыг хянаад “МИАТ” ТӨХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосныг мэдэгджээ.
Учир нь “Ред рок катеринг” ХХК-аас тендерийн бичиг баримтад заасан ижил төстэй ажлын гэрээ хэмээн “Бодь интернэшнл” ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээнүүд ирүүлсэн нь үнийн дүн тодорхойгүй, задаргаа байхгүй гэх зэргээр МИАТ-ийн “зорчигчийн хоол” тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй байна. Сангийн яамнаас МИАТ ТӨХК-д шалгаруулалтын үнэлгээг дахин хийх мэдэгдэл 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр хаяглан хүргүүлсэн байна.
Гэтэл “МИАТ” ТӨХК-аас төрийн худалдан авах ажиллагааны “tender.gov.mn” сайтад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр огноолон оруулсан мэдээлэлдээ “Ред Рок катеринг” ХХК-ийг тендер ялсан хэмээн үзэж, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Агаарын хөлгөөр зорчигчийн хоол бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г баталжээ. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хий хэмээн мэдэгдэл хүргүүлсээр байтал МИАТ-ийн удирдлагуудын зүгээс үл тоон хуулийн шаардлага хангаагүй компанитай гэрээ байгуулсан байна.
Б.Мөнхтамир даргын баталж, Санхүү удирдлагын газрын захирал Н.Цэгцийн гарын үсгээр гэрээ байгуулсан “Ред Рок катеринг” компанийн бүртгэлийг “opendata.burtgel.mn”-ээс шүүж үзвэл эцсийн өмчлөгчөөр Данзандоржийн Баясгалан, Пүрэвийн Батхүү нар 2023 оны 12 дугаар сард бүртгүүлжээ. Гүйцэтгэх захирлаар Х.Сайханбаяр ажилладаг. Бөөний худалдаа, цэвэрлэгээний үйлчилгээ, бизнесийн зөвлөгөө өгөх, ачаа тээвэрлэх, агуулах, бичиг хэргийн худалдаа, барилгын засвар, түргэн хоол, катеринг, цайны газар гээд бүхий л төрлийн үйлчилгээ эрхлэхээр гэрчилгээндээ “зоолгож”.
Данзандоржийн Баясгалан гэдэг нь “Голомт”-ын буюу “Бодь интернэшнл”-ийн ТУЗ-ийн дарга гэдгийг хэн бүхэн гадарласан байх. Харин П.Батхүү нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Батсүрэнгийн эхнэр гэх мэдээлэл “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн нээлттэй сонсголын үеэр “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын асуудал яригдахад хөндөгдөж байсан. “ Бодь интернэшнл” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудын хамаарал бүхий компани ажилласан гэх мэдээлэл энэ үеэр гарсан.
Тэгэхээр “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Санхүү удирдлагын газрын дарга Н.Цэгц нар “Голомт”-ын Д.Баясгалангийн компанид давуу эрх олгож гэрээ байгуулсан уу гэх асуудал ч хөндөгдөж байна. 9,5 тэрбум төгрөгийн гэрээ гэдэг бага тоо огтхон ч биш. Манай банкны захирлууд сүүлийн жилүүдэд бүхий л салбарт гар дүрж, багагүй дүнтэй гэрээ бүрийг өөрийн болгож буйг жишиг МИАТ-ийг ч тойрсонгүй.
Эх сурвалж: newspress.mn