“Ногоон автобусны” хэргээс Ж.Сандагсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Сүхбаатар нарт яллах дүгнэлтийг танилцуулж эхэлжээ
АТГ “Ногоон автобусны” гэх хэргийг энэ сарын 09 /2024.01.09/-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тэгвэл тус хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарт яллах дүгнэлтийг танилцуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал,АТГ-аас “Ногоон автобусны” хэрэгт Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын орлогч асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, БНСУ-ын иргэн Лий Жунг Суб, БНСУ-ын иргэн Ким Киабаум нарын 25 хүнийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг.
Тэгвэл прокурорын байгууллагаас дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” хэмээн хэрэгсэхгүй болгож, харин бусад яллагдагч нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж дууссан гэх мэдээлэл байна.
Улмаар өчигдрөөс /2024.01.29/ эхлэн яллагдагч нарт яллах дүгнэлтийг танилцуулж эхэлжээ. Энэхүү ажиллагаа нь тодорхой хугацаанд явагдах бөгөөд дээрх хэрэгт БНСУ-ын иргэд холбогдон яллагдагчаар татагдсан. Тиймээс тухайн яллагдагч нарт яллах дүгнэлтийг эх хэлээр нь орчуулан танилцуулах ажиллагаа хийгдэж аж. Тиймээс прокурорын байгууллага ирэх хоёрдугаар сар /2024.02/-д багтаан хэргийг шүүхэд шилжүүлж магадгүй байна. Ташрамд өгүүлэхэд, өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сард ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа талаар АТГ-аас мэдээлсэн байдаг. Улмаар хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 134,5 тэрбум төгрөг хэмээн тогтоосон бөгөөд мөрдөгчид 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэх мэдээллийг өгч байсан юм.