Л.Удвал: Монгол-Германы харилцаа өнгөлөг, өөдрөг байна

0

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн манай улсад хийх төрийн айлчлалыг угтан хоёр улсын найрсаг сайхан харилцааны түүх, хамтын ажиллагааны талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанжамцын Удвалтай ярилцлаа. Тэрбээр 1995-1999 онд Монгол Улсаас ХБНГУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм.

-Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны харилцааны түүхэн хөгжил, өрнөлөөс ямар чухал цаг үеийг та онцлох вэ?

-Энэ асуултад хариулахын тулд нэлээд эртний түүхэн зарим үйл явдлыг дурдах хэрэг гарна л даа. Монголчуудын талаар Европ тивийнхэн, тэр дундаа герман үндэстэн анх мэддэг болсон цаг үе гэвэл XIII зуун юм. Харьцангуй шинэ үеийн талаар гэвэл, Богд хаант Монгол Улсын үед тусгаар тогтнолоо дэлхийн томоохон улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхээр гаргаж байсан хүчин чармайлтыг санах хэрэгтэй болно. 1921 оны Ардын хувьсгалын дараа албан ёсоор харилцаа тогтоогоогүй ч германчууд Монголыг сонирхож, худалдаа, арилжааны эхлэл тавигдаж байсан түүхтэй.

Москва, Бээжинд суугаа Германы дипломатууд Монголд ирж Ардын засгийн газрын зарим төлөөлөгчтэй уулзаж байсан юм билээ. Түүнчлэн 1922-1923 оны үед Германы зарим пүүс Монголд үйл ажиллагаагаа явуулж, анхны герман мэргэжилтэн ажиллаж, тэдэнд ард олон ам сайтай байсан тухай мэдээ бий. Хожим нь Монголын анхны оюутнуудыг барууны орнуудад сургах эхлэл тавигдахад хамгийн түрүүнд Герман, Францыг зорьж байсан түүхтэй шүү дээ. Тэр үед Германд суралцаж байсан 40 гаруй хүний дундаас Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг, Н.Навааан-Юндэн зэрэг нэрт зохиолчид, ардын зураач Л.Намхайцэрэн, геологич Ж.Дүгэрсүрэн зэрэг алдартай сэхээтнүүд төрөн гарсан юм. Дэлхийн II дайны дараа 1940-өөд оны сүүл, 1950-иад оны эхээр ардчилсан орнууд Монголыг хүлээн зөвшөөрч эхлэх үед 1950 оны дөрөвдүгээр сарын 12-нд тухайн үеийн Ардчилсан Герман улстай дипломат харилцаа тогтоож, бүхий л салбарт амжилттай ажиллаж байсан юм. ХБНГУ-тай бол 1974 оны нэгдүгээр сарын 31-нд одоогоос яг 50 жилийн өмнө албан ёсоор дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Тэр үеийн ХБНГУ нь манай улстай дипломат харилцаа тогтоосон 62 дахь орон байсан юм. Товчхондоо ийм түүх дурдаж болох байна.

-Та дипломат албанд 40 жил зүтгэжээ. Эх орноо гадаад улс оронд бүрэн эрхтэй төлөөлдөг Элчин сайдын албыг хашихдаа та юуг зорьж, чухалчилж ажилласан бэ?

-1990 онд Герман үндэстний хоёр улс нэгдэхэд Холбооны Германы тэр үеийн нийслэл Бонн хотод Элчин сайдын яамаа байгуулж, Элчин сайдаар А.Цолмон томилогдон очиж байлаа. Тэр үед би 1985 оноос Берлин дэх Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан юм. Ингээд миний ажиллаж байсан яам Бонн дахь Элчин сайдын яамны салбар нэртэй болж, би салбарын даргаар нь томилогдон ажилласан.

Үүнээс өмнө ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоомогц  Польшийн Варшав хот дахь Элчин сайдын яам ХБНГУ-ыг хавсран хариуцдаг байсан. Тэр үед Варшав дахь ЭСЯ-нд Холбооны Германтай  харилцах асуудлыг хариуцсан орон тоо шинээр бий болоход би анхны дипломат ажилтнаар томилогдож байлаа. Энэ бол 1975 он юм. Одоо бодоход  ГХЯ-ны төв аппаратад болон Берлин, Бонн дахь ЭСЯ болон “Монгол-Германы чуулган” хэмээх төрийн бус байгууллагынхаа шугамаар эдүгээг хүртэл нийтдээ 40 орчим жил Монгол-Германы харилцааны асуудлаар ажилласан байна. Энэ хугацаандаа атташегаас Элчин сайд хүртэл үндсэндээ Монгол-Германы харилцаатай холбоотой алба хашиж явсандаа би баяртай байдаг. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1995-1999 он хүртэл ажилласан. “Монгол-Герман чуулган”-ы Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг 25 жил хашиж байна.

-Германд томилолт аваад очсон анхны сэтгэгдэл ямар байв?

-Эхэн үед харь орны амьдрал, өөр соёл, зан заншилтай хүмүүсийн дунд амьдарч ажиллахад амархан байгаагүй л дээ. Гэвч эх орон ард түмний итгэл найдвар, төр засгийнхаа даалгаврыг чандлан хичээж явахад аяндаа дасдаг юм билээ.

Харин Элчин сайдаар томилогдсоныхоо дараа миний  хамгийн эхэнд тавьсан зорилго бол улс төрийн харилцааны түвшинг  дээшлүүлэх байсан. Үр дүнд нь Монгол, Германы төрийн тэргүүн нар анх удаа харилцан айлчлал хийсэн юм. Түүнчлэн парламент, Гадаад харилцаа, Сангийн болон төрийн бусад яамдын түвшинд ажил хэрэгч харилцаа идэвхэжсэн. Улмаар харилцааны хууль, эрх зүйн үндсийг баттай байлгахад анхаарч ажилладаг байлаа.

“Харилцааны үндсийн тухай тунхаглал” гэдэг суурь бичгийг анх байгуулсан. Энэ бол том үр дүн. Эдийн засаг соёл, боловсролын олон баримт бичиг байгуулагдан хэрэгжсэн. Хуучин БНАГУ-ын үеийн өрийг Монголд нааштайгаар шийдвэрлэх асуудлыг зохицуулж холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн хувьд, Германаас хөгжиж буй орнуудад үзүүлж буй тусламжийн нэг хүнд ногдох хэмжээгээр Монгол дэлхийд тэргүүлдэг болсон.

Намайг анх Элчин сайдаар очиж байхад Монгол, Германы эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ 28 сая дойч марк байлаа. Харин 1999 онд ажлаа өгөөд буцаж ирэхэд 70 сая дойч марк болж нэмэгдсэн, тусламжаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлтэй болж өөрчлөгдсөн юм. Германы томоохон хотуудад хөрөнгө оруулагчдын уулзалт зохион байгуулсан. Тодруулбал, Берлин, Мюнхен, Кёлнь, Штутгарт, Лайпциг, Дюссельдорф гэсэн зургаан хотод уулзалт зохион байгуулж, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийг татах анхны алхмыг хийж явлаа.

Гадаад хөрөнгө оруулагчдад зориулсан “Хөрөнгө оруулагчдын лавлах” гэдэг номыг герман хэлээр боловсруулж, анх удаа хэвлэн гаргасан юм. Энэ ном Германы хөрөнгө оруулагчдад нэлээд тус дэм болсон гэж боддог. Үүнээс гадна агаарын тээврийн хэлэлцээрийг ХБНГУ-тай анх байгуулсан. Улмаар Берлин, Франкфурт руу Монголын МИАТ-ийн онгоц тогтмол нисдэг болсноор Европ руу гарах хамгийн том агаарын гарц нээгдэж байлаа.

Мөн Бонн, Мюнхен хотод гаргасан “Чингис хаан ба түүний залгамжлагчид” сэдэвт томоохон үзэсгэлэнгийн нээлтэд хоёр орны Ерөнхий сайд нар биечлэн оролцож байв. Бонн хотод Улаанбаатарын соёлын өдрүүд анх зохиогдож, дараа нь Улаанбаатарт Боннын соёлын  өдрүүд болсон. Энэ мэтчилэн дурдаад байвал чамгүй олон ажил хийж, хэрэгжүүлсэн байдаг. Үр дүнд нь хоёр орны харилцаа ихэнх салбарт өнөөдөр ч ахицтай, өнгөтэй явна.


-Манай хоёр орны дипломат харилцааны онцлог тал нь юу вэ?

-Хоёр орны харилцааны онцлог гэвэл, итгэмжилсэн тогтвортой харилцаа юм. Герман бол манай Европ дахь тэргүүн түнш, найдвартай гуравдагч хөрш маань шүү дээ. ХБНГУ-тай манай улс 1974 онд дипломат харилцаа тогтоосон боловч байнгын Элчин сайдын яамаа 1990 онд байгуулсан. Бид Элчин сайдын яамаа байгуулсны дараа нэг том зорилго тавьсан  нь хоёр орны харилцааг өндөр дээд түвшинд  хүргэх асуудал байсан юм. Яагаад гэвэл, төр засгийн дээд, өндөр түвшний айлчлал бол нийт харилцаанд томоохон түлхэц өгдөг чухал үйл явдал байдаг.

Энэ ч учраас би 1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг баруун Европын орнуудаар төрийн айлчлал хийхэд Европ дахь тэргүүн түншийн хувьд, хамгийн түрүүнд Германд айлчлуулсан юм. Энэ айлчлалын явцад хоёр орны Харилцааны үндсийн тухай хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурсан түүхтэй. Энэ баримт бичиг бол хоёр орны харилцааны үндсэн зарчим, чиглэлийг тодорхойлсон суурь баримт бичиг байв.

1998 онд барууны орнуудын төрийн тэргүүнүүдээс хамгийн анх ХБНГУ-ын ерөнхийлөгч Роман Херцог Монголд  албан  ёсны айлчлал хийсэн нь шинэ залуу ардчилсан Монгол Улсад томоохон дэмжлэг болсон юм.

Энэ үед тэрбээр Монгол-Германы харилцааг “Онцгой итгэмжилсэн харилцаа” гэж тодорхойлсон байдаг. Эндээс хамтын ажиллагаа шинэ шатанд дэвшин хожим Иж бүрэн түншлэлийн харилцааг бий болгосон. Херцог гуай залуудаа Дорно дахины түүхийг сонирхдог, “Монголын нууц товчоо”-г уншаад манай орны талаар маш сайхан сэтгэгдэлтэй явдаг байсан юм билээ. Монголд айлчлахдаа эртний нийслэл Хархоринд зочилж, Эрдэнэзуу хийдэд хоёр орны, хамтарсан археологийн малтлагыг Ерөнхийлөгч нарын ивээл дор  эхлүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурж байв. Тэр цагаас хойш манай хоёр орны археологийн салбарын хамтын ажиллагаа ахицтай явж байна.

Би Элчин сайд байхдаа эртний дурсгал, археологийн малтлагаас олдсон олдворыг сэргээн засварлах ажлыг Германтай хамтран эхлүүлсэн. Жишээ нь, Хар бухын балгасаас илрүүлсэн Үйсэн дээрх бичгийг Германы тал шинэчлэн засварлаж, Херцог гуайг Монголд айлчлахын өмнөхөн Боннын их сургууль дээр үзэсгэлэн гаргахад Холбооны ерөнхийлөгч биечлэн ирж үзэж  байлаа.

-Археологийн салбарт нэлээд идэвхтэй хамтран ажиллаж байгааг та дурдлаа. Монгол Улс нэгэн зууны өмнө анхны сэхээтнүүдээ бэлтгэхэд Герман улсыг түшсэн байдаг. Өдгөө ч хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг герман хэлтэй, герман хэл сурах хүсэл эрмэлзэлтэй залуус өсөн нэмэгдсээр байгаагаас харж болох болов уу?

-Хоёр Герман нийлэх үед 500 орчим оюутан, ТМС-ийн сурагчид Ардчилсан Германд суралцаж байсан. Тухайн үед Баруун Герман эдгээр оюутныг сургуулиа төгстөл нь тэтгэх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Энэ талын хамтын ажиллагаа Зүүн Германаас эхлэлтэй ч нэгдсэн Герман улсын үед  үргэлжилснээрээ онцлогтой. Хамтын ажиллагааны үр дүнд БНАГУ-ын үед Монголд герман хэлтэй 30 мянга гаруй хүн байлаа шүү дээ. Тэр үед Монголын хүн ам гурван сая хүрээгүй байсан гэхээр энэ бол маш том тоо юм. Харин өнөөдөр Германд боловсрол эзэмшээд ирсэн хүний тоо 40 мянга давсан гэх судалгаа бий. Тэгэхээр германчууд боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэхээс аргагүй. Одоо бол эрдмийн зэрэг горилж буй хүмүүс Германыг зорих нь их болсон байна.

Хуучин цагт Германд их, дээд сургуулийн оюутнаас гадна мэргэжилтэй ажилчин  бэлтгэх сургуульд их явдаг байлаа. Одоогийнхоор, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн чиглэл гэсэн үг шүү дээ. Одоо Монголд ХБНГУ-ын Гёте институтийн салбар ажиллаж байгаагийн зэрэгцээ Монголын зарим их, дээд сургуулиас гадна герман хэлний сургалттай ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиуд ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн Налайх дүүрэгт Монгол-Германы  хамтарсан уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль амжилттай ажиллаж байгаа.

-БНГУ-ын Холбооны ерөнхийлөгч манай улсад айлчлах гэж байна. Монгол-Германы харилцааг өргөжүүлэхийн тулд залуу насаа зориулсан хүний хувьд энэ айчлалын үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ. Улс төр болон бусад салбарт ямар ач холбогдолтой айлчлал болох бол?

-Аливаа төр, засгийн удирдлагын айлчлал томоохон ач холбогдол, үр дүн дагуулдаг бичигдээгүй хуультай. Ерөнхийлөгч П.Очирбатын айлчлалын явцад Харилцааны үндсийн тухай тунхаг бичигт гарын үсэг зурж байлаа. Дараа нь 2008 онд Холбооны ерөнхийлөгч Х.Көлер Монгол Улсад айлчлахад Иж бүрэн түншлэлийн тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Уг айлчлалын үр дүнгээр хоёр орон Иж бүрэн түншлэлийн харилцаатай болоод олон жил болсон байна шүү дээ. Тэгвэл өнөөдөр Стратегийн харилцааны түвшинд хүргэх цаг болсон гэж би боддог. Анх 2015 онд Стратегийн харилцааны түвшинд хүргэх талаар  саналаа солилцож байв. Энэ удаа үүнийг баталгаажуулж томоохон үр дүн гарахыг ч үгүйсгэхгүй.

ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Гадаад харилцааны сайд байхдаа Монголд айлчилж байсан. Тиймээс Монголд айлчлах санал, санаачилга Германы талаас эхлэлтэй гэж би ойлгож байна.

Энэ айлчлал нэгдүгээрт, манай улсын бие даасан, ухаалаг, тогтвортой бодлогын нотолгоо болж байна. Нөгөө талаар Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын бодит амжилтын тод жишээ юм. Бас Европ дахь тэргүүн түншийн маань найрсаг, итгэмжилсэн хандлагын илэрхийлэл гэж бодож байна.

-Хоёр улсын найрсаг сайхан харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд аль салбарын хамтын ажиллагаа сулавтар байна гэж та үзэж байна вэ?

-Монгол-Германы улс төр, соёл, хүмүүнлэгийн харилцаа сайн байгаа. Хөгжих ирээдүй ч бий. Бусадтай нь харьцуулбал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар хоцронгуй, сул байна уу даа гэж хардаг. Үүнийг би герман найзуудтайгаа санал солилцох үедээ ч байнга хэлдэг юм. Энэ айлчлалаар дээр дурдсан салбарт дэвшил гараасай гэж хувь хүний зүгээс хүсэж байна.

Герман бол экспортоор дэлхийд тэргүүлдэг орны нэг шүү дээ. Тиймээс эдийн засаг, худалдааны чиглэлээр харилцаагаа өргөжүүлбэл хоёр орны цаашдын ирээдүйд харилцан ашигтай байх боломж бий. Германаас үр шимийг нь хүртэхээс гадна бид экспортоо нэмэгдүүлэхэд анхаармаар байгаа юм. Нэг ёсондоо бизнесийн харилцаагаа өргөжүүлмээр байна.

Мөн аялал жуулчлалын салбарт харилцаагаа өргөжүүлэх боломж бий. Шууд нислэгтэй учраас энэ тал дээр асар их боломжтой гэж үзэж байна. Визийн хөнгөлөлттэй журам, онгоцны тасалбарын үнийн бодлого зэрэг дээр анхаарвал зөвхөн Герман гэлтгүй, Германаар дамжин Монгол руу ирэх сонирхолтой Европын жуулчдын тоо эрс нэмэгдэх магадлалтай. Тиймээс энэ мэт салбар руу чиглэсэн яриа хэлэлцээр түлхүү хийгээсэй гэж бодож байна даа.

-Германд өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай мөч тань юу вэ?

-Залуу насны дурсамжууд л хамгийн гэгээлэг сайхан байдаг. Тиймээс би Зүүн Германд дипломат ажил хийж байсан он жилүүдийг илүү их дурсан санадаг. Хожим Боннд Элчин сайдаар ажиллах үед үр хүүхдүүд маань том болж сургууль номын мөр хөөсөн учраас дурсан санах зүйл маань Германы төр засгийн төлөөлөгчидтэй уулзаж учирч явсан үе дурсамжтай байдаг. Албан ажлын дурсамжууд л тод үлддэг юм билээ.

-Ер нь, таныг дипломат албаны хүн болоход юу нөлөөлсөн байдаг вэ?

-Би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1967-1972 онд герман хэлтэй орнуудаар мэргэшин төгссөн. Тэр үед Гадаад харилцааны яам боловсон хүчнээ сонгон шалгаруулалтаар шилж аваад яамныхаа нэр дээр, тодорхой чиглэлээр мэргэшүүлдэг, төгсөж ирмэгц нь яамандаа авч ажиллуулдаг, сүрхий чамбай журамтай байсан юм.

Дунд сургууль төгсөхдөө би зохиолч, сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд ч зургадугаар ангид байхдаа анхны шүлгээ бичин аймгийнхаа сонинд хэвлүүлж, есдүгээр ангидаа хүүхдийн жүжиг бичиж, аймгийнхаа соёлын ордонд тоглуулчихсан, уран зохиолын хорхой нь гозолзсон хүүхэд байлаа.

Намайг дунд сургуулиа төгсдөг жил МУИС-ийн сэтгүүлчийн анги элсэлт аваагүй учир монгол хэл, уран зохиолын ангийг сонгосон юм. Гуравдугаар дамжааны оюутан байхад Гадаад харилцааны яамнаас нэг ажилтан ирж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд сонгон шалгаруулалтад оруулах оюутнуудыг судалж байгаад намайг шалгалтад орохыг урьсан.

Ингээд л би сэтгүүлч, зохиолч болох багын мөрөөдлөө өөрчилж, дипломатчийн мэргэжлээр суралцах болсон. Түүндээ би огт харамсдаггүй. Энэ сайхан мэргэжлийн ачаар би 1972-2009 он хүртэл дипломатчийн алба хашиж эх орныхоо төрийн алтан аргамжийг бататган бэхлэлцэх үйлст зүтгэлээ. Эдгээр он жилийнхээ ихэнхийг Монгол-Германы харилцаатай холбоотой үйлст зориулжээ.

Багаасаа зохиолч, сэтгүүлч болох мөрөөдөлтэй хүн байсан гэж та хэлдээ. Шүлэг, яруу найраг ч  бичжээ. Харин герман хэлээр шүлэг бичиж байсан уу?

-Хүний газар явахад эх орон, элгэн садан найз нөхөд үгүйлэгдэж сэтгэл гэгэлзэх мөч бишгүй л тохионо. Тэр үед би шүлэг бичиж сэтгэлээ сэргээж, өөрийгөө тайтгаруулдаг байлаа. “Газар усандаа өргөх өргөл” найраглал, “Сэтгэлийн хөрөг” нэртэй яруу найргийн түүврийн минь ихэнх шүлэг нутгаа санасан сэтгэлийн маань хөрөг юм. Харин герман хэлээр шүлэг бичиж хэвлүүлж байсангүй.

-Гадаадынхан монгол хэл сурах хэцүү гэж ярьдаг. Тэгвэл герман хэл сурах хэцүү юү?

Монгол хүн аливаа зүйлийг түргэн тусгаж авдаг, амархан дасан зохицдог, гадаад хэл сурах авьяас чадвар ч сайтай гэж би боддог. Монгол хэл авиа, дуудлагын хувьд маш баялаг учраас гадаад хэл сурахад айхтар бэрхшээл тулгардаггүй юм шиг санагддаг. Мэдээж сурсан мэдсэнээ гүнзгийрүүлж, даамай эзэмшихэд хатуу тэвчээр, уйгагүй зүтгэл дутах тал хааяа ажиглагддаг.

-Герман орон, германчуудын юуг нь, ямар зан чанарыг нь та хүндэтгэдэг вэ?

-Германчуудын хувьд төрмөл гэж хэлж болох онцлог тал нь аливаад маш хариуцлагатай, зарчимч ханддаг. Цаг сайн баримталдгаараа алдартай шүү дээ. Үүрэг хүлээсэн бол түүнийг заавал биелүүлдэг нь герман хүний гол чанар юм. Мөн амьдрах орчноо маш гоё бүрдүүлж чаддаг.

Аливаад туйлын ажил хэрэгчээр ханддаг чанар, хүлээсэн үүрэгтээ үнэнч байх, сахилга бат, зорьсондоо хүрэхийн тулд тууштай зүтгэдэг зэрэг гайхамшигтай сайхан  зан чанаруудыг Германд суралцаж төгссөн монголчууд ч тодорхой хэмжээгээр шингээсэн байдаг. Суралцаад ирсэн хүмүүстэй харилцахад андашгүй шүү дээ. Ер нь бол хувийн амьдралдаа ч, ажилдаа ч туйлын хариуцлагатай байж чаддаг чанараас нь бид тууштай суралцах хэрэгтэй юм. 

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

Баярлалаа. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Вальтер Штайнмайэр Монгол Улсад айлчлах болсон талаар албан ёсоор зарлаад байна. Манай итгэлтэй бөгөөд найдвартай анд, Европ дахь тэргүүн түнш ХБНГУ-ын төрийн тэргүүний энэ айлчлал маш их ач холбогдолтой юм. Энэ айлчлалын үеэр хоёр орны улс төр, соёл боловсрол, хүмүүнлэгийн сайхан харилцааг улам бататгаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талын хамтын ажиллагаанд чухал түлхэц болохуйц ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнөж бодит үр дүн гараасай гэж би хүсэн ерөөмөөр байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *