Н.Номтойбаярын Монголын улс төрд өгч буй мессеж

0

Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам нэгдэн, “Үндэсний Эвсэл” байгуулж, эвслийн тэргүүнээр Нямтайширын Номтойбаярыг сонгосон явдал Монголын улс төрд шинэ содон мэдээ болов. Хэрэв “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүнээр МҮАН-ын Дарга Б.Цогтгэрэл юм уу? МНН-ын Дарга О.Бум-Ялагч болсон бол ингэтлээ олны анхаарлыг татахгүй байлаа. Хамгийн гол нь нэг талаас олигархи, 30 гэр бүлийн төлөөлөл, нөгөө талаас үндэсний хөрөнгөтөн, бүтээн байгуулагч, мөн эр зоригтой шийдэмгий улс төрч гэх буюу нөгөө талаас шөнийн клуб хэсэж, зодоон хийсэн танхай этгээд, бараг л гэмт хэрэгтэн гэх нийгэм дэхь эсрэг тэсрэг дүгнэлт, үнэлэмжийн дунд оршдог Н.Номтойбаяр уг эвслийг тэргүүлсэн нь анхаарал татаж буй юм.

Ер нь Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэх нь цаг хугацааны л асуудал байсан. Хэрхэн ирэх вэ? гэдэг нь харин тодорхой бус байв. Ерөнхийдээ түүнд хэд хэдэн сонголт байсан юм. УИХ-ын 2020 оных шиг бие даан нэр дэвших, парламентад суудалгүй намуудын аль нэгэнд элсэх, МАН-ын гишүүнчлэлээ сэргээх, тэр бүү хэл АН-д ч элсэх хувилбар нээлттэй байв.

Гэвч Н.Номтойбаяр үндэсний ардчилсан үзэл бүхий, өөрийн улс төрийн хүчнийг буй болгох гэсэн хувилбарыг сонгосон нь анхаарал татна. Үйл явдлын өрнөлийг ажиглахын сацуу түүний “Үндэсний Эвсэл”-ийн анхдугаар их хурал дээр тавьсан илтгэлээс Н.Номтойбаяр Монголын улс төрд чухам ямар мессеж өгч байна вэ? гэдэгт текстологийн дүн шинжилгээ хийж байна. Ер нь улс төрийн илтгэл бол тухайн хурлын оролцогчид болон олон нийтэд хандахын сацуу улс төрийн тодорхой зорилго, зорилт, зарим тохиолдолд хийх үйлдлээ ч тодорхойлсон, мөн улс төрийн зарим бүлэг, улс төрчидтэй хэрхэн харилцахаа томьёолсон цогц баримт бичиг байдаг. Салан баавгайн үлгэрт гардаг шиг Монголын улс төрчид л хэлсэн, ярьснаасаа өөрийг хийж, үнэ цэнийг нь алдагдуулчихсан болохоос биш…

Н.Номтойбаярын илтгэл Ардчилал, Эдийн Засаг, Нийгмийн бодлого гэсэн гурван хэсгээс бүтжээ. Илтгэлийн олон нийтэд өгч буй үндсэн агуулга нь “ Үндэстнээрээ баяжъя”. Энэ бол шинэ лоозон биш. МАН-ын үүсгэн байгуулагч-анхны долоогийн нэг, МАН-ын Дарга асан Солийн Данзан 100 жилийн өмнө “Баяжигтун” хэмээн уриалж байв.

С.Данзан улс төрчийнхөө хувьд үндэсний ардчилсан үзэлтэн байхын сацуу “Харлей Давидсон” мотоцикл унадаг, панз наймаа хийдэг, үндэсний мөнгөн тэмдэгтийг доллар хэмээн нэрийдэж явсан, шулуухан хэлэхэд капиталист хүн байсан. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр өөрийгөө улс төрийн дундаж тоглогч биш үндэсний шинэ лидер болох ёстой гэсэн амбицтай байгаа нь илт. Ингэхдээ үзэл санааны хувьд С.Данзангийн хэв шинжтэй болгохыг хүсчээ. Түүний илтгэлийн оршил хэсэгт буй нэгэн абзаци ихээхэн анхаарал татна.

Тодруулбал тэрээр уг хэсэгт: “Монголчууд бид зуун жилийн тэртээ коммунист Оросын нөлөөнд орж, тэдний тулгасан бичиг үсэг, үндсэн хууль, төрийн засаглал, эдийн засгийн тогтолцоог хүлээн авч хэрэгжүүлсэн нь түүхэн үнэн билээ. Энэ бүгдийг сөрөн зогссон Солийн Данзан лугаа Үндэсний ардчилсан үзэлтэй Монгол хүн бүрийг коммунистууд мянга мянгаар нь хоморголон хорьсон, цөлсөн, цаазалсан. Үүний улмаас Монголчууд айдсаар өвчилж, эх орноо харьд дагаар оруулах тунхаг бичиг өргөн барих гэж хоёронтой оролдсон удирдагч хүртэл байсан.” гэжээ. “Эх орноо харьд дагаар оруулах тунхаг бичиг өргөн барих гэж хоёронтой оролдсон удирдагч” гэдэг нь Ю.Цэдэнбал. Яагаад Н.Номтойбаяр Ю.Цэдэнбалын тухай ийм дүгнэлт хийх болов. Энэ бүхэн нь хувийн шалтгаантай аж. Н.Номтойбаярын өвөө Н. Лхамсүрэн (1917-1992) нь Маршал Х.Чойбалсангийн итгэлт хүн, ГЯЯ-ны сайд, Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын орлогч хүртэл ажиллаж байсан нэгэн агаад Ю.Цэдэнбалын үед улс төрөөс шахагдсан байдаг. Иймээс нэг талаас өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн явдал болов уу? Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэрхэн харилцах бол гэдэг асуулт улс төрийн хүрээнд байгаа. Учир нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга байх үед түүнийг хамгийн хурцаар шүүмжилдэг, зөрчилддөг байсан улс төрч нь тэр байв. Тэгвэл үүний хариултыг Н.Номтойбаяр илтгэлдээ тусгажээ.

Тодруулбал тэрээр илтгэлийнхээ сүүлийн хэсэгт: ““Үндэсний эвсэл” нь Ерөнхийлөгчийн гадаад болон ногоон бодлогыг тууштай дэмжигч, хамтрагч нь байна.” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр: “У.Хүрэлсүхтэй үл ойлголцсон явдал тухайн цаг үедээ болоод дууссан. Одоо нэгэнт Монгол төрийн тэргүүн болсон түүнийг дэмжинэ” гэдгээ шууд ил зарлажээ. Мөн Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааг хэрхэн үзэж байна вэ? гэдэг асуудлыг мөн л илтгэлийнхээ сүүлийн хэсэгт тусгаж, ““Үндэсний эвсэл” нь авлига, хулгайтай “Шаазгайг үргээгээд үр дүнд хүрэхгүй” тул “овоог” нь ул мөргүй устгаж тэмцэнэ. Монголын Авлигачдын Нам гэж яригдах болтлоо бохирдсон МАН-ын даргатай “овоог” устгах үйлсэд хамтран зүтгэнэ.” гэсэн байна. Л.Оюун-Эрдэнийн ганц имижээ болгож, улс төр хийж буй өнцөг бол авилгатай хийж буй тэмцэл. Тэгвэл Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнийн энэ тэмцлийг “овоон дээр суусан шаазгайг үргээж буй” төдий л явдал гэж дүгнэжээ. Дараа нь түүнтэй хамтран, овоог устгах үйлсэд хамтран зүтгэнэ гэж “золигтохоо” мартсангүй. Авилгын овоо гэгч нь шулуухан хэлэхэд МАН-ын дарга, лидерүүд шүү дээ. Үүнийг буюу өөрийнхөө намын удирдах хэсэг, түүнээс улбаатай системийг бүхэлд нь устгахын төлөө МАН-ын дарга өөр нэг эвслийн тэргүүнтэй хамтран ажиллана гэдэг үндсэндээ боломжгүй зүйл. Иймээс энэ өгүүлбэрийг МАН-ын гол өрсөлдөгч нь Үндэсний Эвсэл байх болно гэж ойлговол зохилтой.

Түүх давтагддаг. Түүх давтагдахдаа ороомог хэлбэрээр давтагддаг. Яг одоогоос 12 жилийн өмнө УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАН түүхэндээ анх удаа маш том хуваагдсан юм. МАХН байгуулагдаж, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-ын 2012 оны сонгуульд оролцон, парламентад бүлэг байгуулах хэмжээний амжилт үзүүлж байв. Сонирхолтой нь тухайн сонгууль мөн л Монголд анх удаа холимог системээр явагдсан юм. Тухайн үед олон хүн “Шударга Ёс” эвслийн амжилтыг МАХН гэсэн товчлол бүхий Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн нэртэй холбож тайлбарлаж байв. Гэвч үнэндээ Сү.Батболд, С.Баяр, Ц.Нямдорж гэсэн үеийн улс төрчиддөө шахагдсан, МАН-ын лидер Н.Энхбаяр л уг улс төрийн хүчнийг оройлон манлайлж, амжилтын локомотив нь болж байсан. Н.Энхбаяр хуучирч мартагдахын хэрээр МАХН-ын хүч ч дагаад суларсан билээ. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт шахагдсан Н.Номтойбаяр мөн л 2012 оны Н.Энхбаяр шиг Үндэсний Эвслээ удирдан улс төрд эргэн ирж байна. Харин “Үндэсний Эвсэл” 2012 оных шиг МАХН-2 болж чадах эсэхийг, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнх шиг амжилт үзүүлж чадах эсэхийг сонгогчид л шийдэх учиртай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *