Италийн Флоренц, Пармагийн их сургуульд Монголын соёлын хоёр төвийг нээнэ

0

Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзаж, хоёр орны соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтаар Венецийн дүрслэх урлагийн 60 дахь удаагийн Биеннальд монгол уран бүтээлчид оролцож, монголын павильоныг байгуулах ажиллаж байгаа талаар дуулгалаа. Мөн Биеннальд оролцсоны дараагаар тус улсын Итали Улсын Флоренц болон Пармагийн их сургуульд Монголын соёлын хоёр төвийг нээхээр болсныг Элчин сайдад мэдээлж, энэ нь монгол өв соёлыг Итали төдийгүй Европ тивд сурталчлан таниулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэлээ.

Элчин сайд Жованна Пиккаррэта нь итгэмжлэх жуух бичгээ бариад эхний уулзалтаа хийж буй бөгөөд Соёлын сайдтай уулзаж байгаа нь хоёр орны харилцаанд нэн чухал гэдгийг дурдахын зэрэгцээ цаашид соёлын харилцааг эрчимтэй хөгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар хэллээ. Мөн Итали Улсын сэргэн мандалтын үеийн алдартай уран зураачдын бүтээлийг Монгол Улсад дэлгэн үзүүлэх саналтай буйгаа илэрхийлж, талууд энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын Засгийн газар хоорондын “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийг байгуулсан бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд мэргэжлийн дуулаач, хувцас загвар, уран зураг сэргээн засварлах чиглэлд Итали Улсаас мэргэжилтнүүдийг урьж, мастер класс сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *