М.Энхцэцэг: 2024 онд 44 айл, ААН нарны панелиараа төвийн сүлжээ рүү цахилгаан нийлүүлж, ₮78 саяын орлого олсон

0

ИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй эрчим хүчний өнөөдрийн нөхцөл байдал болоод энэ салбарт хийхээр зорьж буй ажлуудын талаар ярилцлаа.

-Хаврын чуулганаар эрчим хүчний салбарын хуулийн шинэчлэлийг оруулж ирнэ-

-Эрчим хүчний салбарын реформ одоогоор тариф нэмэгдүүлэхээс цааш шийдэлгүй байна. Мэргэжлийн хүний хувьд салбарынхаа бодит байдлыг юу гэж дүгнэж сууна?

-Намрын чуулганы хамгийн эхний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрчим хүчний салбарыг сэргээе, эрүүл болгоё” гэж мэдэгдсэн. Энэ дагуу хамтарсан Засгийн газар ч тодорхой зорилтууд тавиад ажиллаж байна. Жишээ нь, 14 мега төслийн тав нь эрчим хүчний салбарынх.

Эх үүсвэрийн дутагдлаас гаръя, барьж байгуулъя, сэргээгдэх эрчим хүчээ нэмэгдүүлье, тархмал эх үүсвэрүүдээ хөгжүүлье. Мөн айл өрхүүд хэрэглээгээ нарны панелиар хангаж, илүүдлийг нь төвийн шугамдаа нийлүүлдэг болъё гэдэг зорилт.

Маш хүнд байдалд орчихсон байна. Бүх салбарыг гацааж байгаа нь үнэн. Бид энэ салбараа хөгжүүлж байж л том бүтээн байгуулалтууд ярина.

Асуудлуудыг нь шийдвэрлэхийн тулд Үндэсний хороо байгуулсан. Шадар сайд Т.Доржханд ахалж, бүх намын төлөөлөл орж ажиллаж байгаа. Таван ажил дээр төвлөрөх зорилготой.

Ямар таван ажил?

  • Нэгдүгээрт, үнэ тарифыг өртөгөөр нөхөх түвшинд хүргэе гэсэн зорилт. Энэ хүрээнд тариф шинэчлэх ажил хийгдсэн.
  • Хоёрдугаарт, эрчим хүчний шилжилтийн бодлогыг тодорхойлох. Т.Доржханд сайд өөрөө ахалж байгаа.
  • Гуравдугаарт, салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэх. Энэ ажлыг миний бие ахлан ажиллаж байна.
  • Дөрөвдүгээрт, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах. УИХ-ын гишүүн Д.Найдалаа ахалж байгаа.
  • Тавдугаарт, мега төслүүдээ хөдөлгөх. Т.Доржханд, Б.Чойжилсүрэн гэсэн сайд нар ахалж байна.

Та хууль эрхзүйн шинэчлэлийг нь ахалж байна гэлээ. Энэ салбарын хууль эрх зүй шинэчлэгдээгүй бараг хорин хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа юм билээ. Ямар шинэчлэл хийх шаардлагатай байна вэ?

-УИХ-ын даргын захирамжаар эрчим хүчний салбарын хуулиудыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан.

2001 онд Эрчим хүчний тухай хуулийг шинээр баталсан байдаг. 15 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм билээ.

Тухайн үедээ босоо тогтолцоотой байсан салбарыг олон компани болгож задалсан. Яваандаа хувийн хэвшлийн оролцоог бий болгох зорилготойгоор. Мөн үнэ тариф батлуулах, эдийн засгийн бие даасан байдлыг нь хангуулах зорилгоор  Эрчим хүчний зохицуулах хороог байгуулсан. Гэвч төрөөс хараат байсаар, үнэ тарифыг удаан хугацаанд тогтмол байлгасаар хүндэрсэн нь энэ.

Манай салбар маш ерөнхий хуулиудтай. Амьдрал дээрх харилцаануудыг зохицуулахын тулд олон журам бий болчихсон. Гэтэл журам тогтвортой эрхзүйн бичиг баримт биш. Нэг дарга солигдоход л дагаад өөрчлөгдчихдөг.

Иймд, журмуудаас алийг нь хууль руу суулгах, алийг нь хэвээр нь үлдээх вэ гэхчлэн судлах юм. Нэн түрүүнд хэрэглэгчийг дээдлэсэн хуультай болох ёстой. Хаврын чуулганаар хуулиа оруулж хэлэлцүүлнэ гэсэн зорилготой байгаа.

-Жилд 200МВТ биш 300-400МВТ-ын шаардлага үүсчхээд байгаа-

-Эх үүсвэр нэмэгдүүлэх шаардлага нэн тэргүүний асуудал. Харамсалтай нь манай том төслүүд улстөрийн шалтгаанаар ямагт гацсаар ирсэн. Энэ онд жишээлбэл аль төслөө яаравчлан хөдөлгөх ёстой юм бэ?

-Яг зөв. Эх үүсвэрийн дутагдал бол нэн тэргүүний тулгамдсан асуудал. Сүүлийн 30-40 жил ганцыг ч барьсангүй. Өргөтгөл л хийж ирсэн. Нийт 560МВТ-ын өргөтгөл хийчихсэн байх шүү. Үүний ачаар амь таслахгүй явж ирж. Гэхдээ энэ байдлаар цааш явах боломжгүй.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нийлүүлэх 300МВТ хаанаа ч хүрэхгүй. Төв аймагт шав тавьсан 660МВТ-ын цахилгаан станц 2027 онд ашиглалтад орно гэж байгаа юм. 450МВТ-ын хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станцын тендерийн маргаан шийдэгдээд хөдлөх байх. “ДЦС-V”-ыг хөдөлгөхийн тулд хотоос бонд гаргана гэж байгаа нь бас чухал. “ДЦС-3”-ыг ОХУ-ыг санхүүжилтээр өргөтгөх эсэх асуудал УИХ-ын чуулганаар шийдвэрлэгдлээ.

Жилд 200МВТ-ын шаардлага шинээр үүсэж байгаа гэхээр…?

-Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ жилд 200МВТ-аар өсөж байгаа гэдэг. Энэ бодит өсөлт биш. Яагаад гэвэл бид маш олон хэрэглэгчид техникийн холболт хийж өгч чадахгүй байгаа. “Үйлдвэр барих гэсэн юм цахилгаан холбуулъя” гээд ирэхэд “Уучлаарай эх үүсвэр байхгүй” гэж л хариулж байгаа шүү дээ. Тиймээс бодит өсөлтийг 300-400МВТ хүрсэн гэж бодож байна.

Цаашид дунд оврын цахилгаан станцуудыг аймгийн төвүүдэд барих шаардлага бий. Аймгийн төвүүдэд агаарын бохирдлын асуудал тулгамдаж байна. Тиймээс тархмал эх үүсвэрүүдийг зайлшгүй барих шаардлагатай. Мөн сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Үнэ тариф нь өдрөөс өдөрт буурч байгаа.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд нарны эх үүсвэрийн нөөцийг ашиглах шаардлагатай байна.

-Оргил ачааллын үед буюу 17.00-21.00 цагт 1квт-аа 300 төгрөгөөр борлуулах боломжтой-

-Ярилцлагынхаа эхэнд та “Айл өрхүүд хэрэглээгээ нарны панелиар хангаж, илүүдлийг нь төвийн шугамд нийлүүлдэг болъё” гэж дурдсан. УИХ-ын гишүүн Д.Батбаяртай ярилцаж байхад яг энэ агуулгыг чухалчлан онцолж байсан юм байна?

-Нарны панель бол утааг ч, эрчим хүчний дутагдлыг ч шийдэх бололцоотой. Өдрийн цагаар хэрэглээгээ хангаж, баттерейнд хуримтлагдсанаар нь шөнийнхийгөө бүр илүү гарсныг нь төвийн эрчим хүчний системд нийлүүлж зарах бүрэн боломжтой.

-1квт-ыг хэдэн төгрөгөөр худалдах боломжтой юм бэ?

-1квт-ыг нь 220 төгрөгөөр зарах боломжтой.

Өглөөний 06.00-17.00 цаг хүртэл нараар, цэнэг хуримтуулсан баттерейгаар шөнийн хэрэглээгээ хангана. Цаашлаад оргил ачааллын үед буюу 17.00-21.00 цагт 1квт-аа 300 төгрөгөөр борлуулах боломжтой.

Яндангаасаа салах төдийгүй үйлдвэрлэгч болж, орлого олж болохоор байгаа биз.

-Сонирхолтой юм. Төвийн сүлжээ рүү цахилгаан зараад орлого олсон айл өрх одоогоор бий юү?

-Байгаа. 2024 онд нийслэлийн хэмжээнд нийт 44 айл өрх, ААН нарны панель ашигласан. Тэд төвийн сүлжээ рүү цахилгаан нийлүүлж 78 сая төгрөгийн орлого олсон байна. Хөөрхөн байгаа биз дээ.

-Тийм байна. Гэхдээ жишээлбэл нэг өрх төвийн системд эрчим хүч нийлүүлэх хэмжээний хүчин чадалтай нарны панель суулгах өртөг хэд байх юм бэ?

-Нэг өрх дангаараа хэрэгжүүлбэл анхны хөрөнгө оруулалтын зардал өндөр тусна. Хүчин чадлаасаа хамаараад 10-40 сая төгрөгийн өртөгтэй болдог. Тиймээс л Засгийн газар мега төсөл болгож хэрэгжүүлэх шаардлагатай.

-Тодорхой хэлбэл?

-Бусад улс яг ингэдэг. Гуравхан ширхэг нарны панель авах, 30 мянгыг авах хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй. Нэг өрхийн худалдаж авах өртгийг таван саяд аваачих шаардлагатай. Өөрөөр хэлбэл Засгийн газар нарны панель худалдаж авах өртгийг яаж бууруулах вэ гэдэг бодлого бодмоор байна.

Үндэсний хорооны гишүүний хувьд энэ саналаа хэлж, танилцуулж үзсэн үү. Дэмжигдэх боломж бий юү?

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж бий. Үүнд, энэ агуулгаа багтаасан. “Айл өрх, ААН өөрийнхөө хэрэглээг хангаж, илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү нийлүүлэн борлуулдаг боломжийг бүрдүүлнэ” гээд цагаан дээр хараар бичигдсэн. 10 мянган айлд нарны панель суурилуулах төсөл бичигдсэн. Тэгэхээр одоо риакшн үзүүлэх л шаардлага бий.

-Эстон, Унгар, Герман, Австрали, Шинэ Зеланд гэсэн таван улсаас туршлага судалж байгаа-

-Дэлхийн улс орнуудын чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?

-Дэлхий дахин ногоон хөгжил рүү чиглэж байна. Тариф нь буурч, технологи нь сайжирч байна.

Ямар улс орнуудаас туршлага судалбал зохимжтой вэ. Судалж байгаа юу?

-Эстон, Унгар, Герман, Австрали, Шинэ Зеланд гэсэн таван улсын хууль эрхзүйн орчныг судалж байгаа. Мөн Эрчим хүчний салбарынх нь бүтэц, амжилттай болон бүтэлгүйтсэн реформуудыг нь ч харна.

Цахилгаанаас гадна дулаан дээр зохицуулагдаагүй орхигдсон маш олон харилцаанууд бидэнд бий. Манайх төвлөрсөн системээр дулаанаа хангадаг. Сүүлийн үед улс орнууд сэргээгдэх эрчим хүч болон тархмал эх үүсвэрээр хангадаг болчихсон.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *