Ядуурлын түвшин 2022 онд 27.1 хувьтай гарчээ
Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 7
ҮСХ-ноос өнөөдөр Монгол Улсын ядуурлын түвшний үзүүлэлтийг 2022 оны байдлаар танилцуулав. Энэхүү үзүүлэлтийг Дэлхийн банктай хамтран боловсруулж, хоёр жил тутамд мэдээлдэг юм.
“Ядуурлын үндсэн үзүүлэлт тооцох аргачлал” илтгэлийг Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким, “Монгол Улсын ядуурлын түвшин 2022 онд” илтгэлийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцууллаа. Ядуурлын түвшний үзүүлэлтийг нэг жилийн турш улсын хэмжээнд цуглуулсан, өрхийн нийгэм-эдийн засгийн судалгааны мэдээлэлд үндэслэн тооцоолдог байна. Судалгаанд 2023 онд 23 мянган өрхийг хамруулжээ.
Ядуурлыг амьжиргааны хамгийн бага зардлаар илэрхийлдэг.
Ядуурлын түвшний үзүүлэлтийн аргачлалын талаар буюу ядуурлыг хэрхэн тооцдог талаар Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким хэлэхдээ, ядуурлын түвшинг нийгэм-эдийн засгийн олон хүчин зүйлээр хэмжин тооцдог. Мөн мөнгөн ухагдахуунд хөрвүүлэн ойлгодог. Үүнд:
- Аж байдлын үзүүлэлтийг хамруулдаг, энэ нь хувь хүний сайн сайхан байдлыг мөнгөн хэмжигдэхүүнээр буюу орлого, хэрэглээг авч үзэн түүгээр илэрхийлдэг,
- Ядуурлын шугам, энэ нь айл өрх хэвийн амьдрахад шаардлагатай буюу үндсэн хэрэгцээг хангах амьжиргааны хамгийн бага зардлаар илэрхийлдэг,
- Ядуурлын хэмжигдэхүүн, энэ нь ядруулыг хамрах хүрээ, гүнзгийрэлт, мэдрэмжийг илүү өргөн илэрхийлдэг.
ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг хэлэхдээ, 2022 оны байдлаар манай улсын нийт хүн амын 914 мянга нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй байна гэв. Ингэхдээ хүний авах ёстой зайлшгүй хүнс болон хүнсний бус хэрэглээний наад захын зардлыг гарган тооцдог байна. Тухайн хүнсний наад захын зардал нь нийт хүн амын ядуурлын шугам болж тооцогддог. Насанд хүрсэн хүнд ногдох хэрэглээний зардал нь ядуурлын шугамаас доогуур бол тухайн хүнийг ядуу гэж тодорхойлдог байна.
2022 оны байдлаар, 418 мянган төгрөг манай улсын ядуурлын шугам гэж тооцогдсон байна. Тухайн оны улсын дунджаар насанд хүрэгчдэд ногдох дундаж хэмжээ 657 мянган төгрөг. Үүний 30 хувийг тухайн хүн хүнсэнд, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг. Үүнийг амьжиргааны түвшинд харвал ядуурлын шугамаас бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүнд ногдох дундаж хэрэглээ 318 мянган төгрөг байгааг мэдээллээ.
Ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй нэг хүн сард 784 мянган төгрөгийг хэрэглээнд зарцуулж байна. Тухайн хэрэглээнийхээ 28 хувийг хүнсний, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, ядуурлын шугамаас дээгүүр насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь ядуурлын шугамаас доогуур насанд хүрсэн хүний хэрэглээнээс 2.5 дахин өндөр байна.
2022 оны байдлаар, Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ 418 мянган төгрөгөөс бага байвал ядуурлын шугамаас доогуур байна гэсэн үг ажээ.
Манай улсын нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доор хэрэглээтэй. Ядуурлын шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь буюу 346.4 мянган хүн нэмж ядууралд өртөх магадлалтай байгааг мэдээллээ.