ХӨТӨЛ ХХК-ИЙН МЭДЭЭЛЭЛ
- ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт Хөтөлийн шохойн чулууны ордыг түшиглэн Цемент, шохойн үйлдвэр барих тухай Монгол Улсын Төлөвлөгөөний комиссын шийдвэр 1978 онд гарч, тухайн үеийн ЗХУ-ын Новосибирск хотын “СИБНИИПРОЕКТЦЕМЕНТ” эрдэм шинжилгээний хүрээлэнд зураг төсвийг зохиож барилгын ажлыг 1981 онд эхлүүлсэн түүхтэй. “Цемент-Шохой” комбинатын суурь тавих ёслол 1982 оны 6-р сард болж, 1983 онд үйлдвэрийн тоног төхөөрөмж угсралтын ажил эхэлж, 1983 оны 12-р сарын 22-нд шохойн 1-р зуухыг галлаж анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлжээ. Хөтөлийн “Цемент-Шохой” ТӨХК нь жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагджээ. - ЗЭЭЛИЙН ТҮҮХ
2010 онд УИХ-аас гаргасан 11 дүгээр тогтоолын дагуу “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн цемент үйлдвэрлэх шугамыг хуурай аргад шилжүүлэн, технологийн шинэчлэл хийж, цемент үйлдвэрлэх хүчин чадлыг жилд 1.0 сая тонн болгон өргөтгөх зорилгоор ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийн 2011.01.13-ны өдрийн дүгнэлтээр “Бейзмент” ХХК-ийг сонгон шалгаруулж, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК болон “Бейзмент” ХХК нарын хооронд гэрээ байгуулсан.
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 44 дүгээр тогтоолоор 61.3 сая ам долларын зээлийг 5 жилийн хугацаатай олгох тухай “Зээлийн гэрээ”-г “Бейзмент” ХХК-тай байгуулсан. Зээлийн гэрээг үндэслэн Хөгжлийн банкнаас “Бейзмент” ХХК-нд 61.3 сая ам долларын зээлийг олгон, Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкны 39.6 сая ам долларын зээлийг дахин санхүүжүүлж, үлдэх төлбөрийг төслийн бүтээн байгуулалтад зориулан Худалдаа хөгжлийн банкны холбогдох дансанд шилжүүлсэн. - “ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ХУВЬЧЛАЛ
2015 онд УИХ-ын 70 дугаар тогтоол, ЗГ-ын 330 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьцааг худалдах тухай тогтоол гарсан. Улмаар 39.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр төрийн эзэмшлийн 119,452,690 ширхэг хувьцааг 1.4 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулагч “Бейзмент” ХХК-д санал болгон худалдахаар шийдвэрлэсэн. 2015.10.17-нд “Бейзмент” ХХК-ийн нэрийг өөрчлөн нэг хүний эзэмшилтэй “Хөтөл” ХХК бий болсон бөгөөд иргэн Б.Бөх-Очир нь “Хөтөл” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч болсон. “Хөтөл” ХХК нь Хөгжлийн банкны санхүүжилтээр бий болгосон хөрөнгөөр “Хөтөлийн Цемент Шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгө оруулалтад бүртгэх замаар хувьчлан авч, хувьцаа эзэмшигчид солигдсон үеэс эхлэн банкны зээл хүүгийн төлбөрийг төлөх ажиллагаа бүрэн зогссон.
Хөгжлийн банкны зүгээс “Хөтөл” ХХК-ийн зээл хүүгийн төлбөрийн зөрчлийг төлүүлэхээр холбогдох төрийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, хууль хүчний байгууллага, улсын бүртгэлийн бүхий л байгууллагад удаа дараа хандан төлүүлэх ажиллагааг авч хэрэгжүүлсэн боловч үр дүн хүрээгүй. - “ХӨТӨЛ” ХХК -ИЙН ӨМЧЛӨЛ
“Хөтөл” ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч М.Бөх-Очир нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан. Хөгжлийн банкнаас өвлүүлэгчийг томилох тухай шаардлагыг нас барсан хувьцаа эзэмшигчийн гэр бүлийн хүн болон төрсөн хүүхдүүдэд нь хүргүүлсэн боловч тухайн иргэд нь хуульд заасан хугацаанд албан ёсоор өвлөгч болоогүй байна. Өвлөх эрхийн гэрчилгээг авах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаагүй 3 жилийн хугацаа өнгөрсөн тул өвлөх эрхээ алдсан буюу өвлөхөөс татгалзсан гэж үзжээ.
“Хөтөл” ХХК -тай байгуулсан “Зээлийн гэрээ”-нд 2 удаа өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн сунгасан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020.10.19-ний өдрөөр дуусгавар болсон. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 61.3 сая ам доллар, хүүгийн төлбөр 45.6 сая ам доллар, нийт 106.9 сая ам долларын зээл, хүүгийн өрийн үлдэгдэлтэй байна.
Засгийн газрын 2022.03.23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор 2015 онд Засгийн газраас гаргасан хувьчлах зүйлсийн жагсаалтад багтсан тус компанийн хувьчлалыг хүчингүй болгох шийдвэр гарч, цемент шохой үйлдвэрийг төр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. - “ХӨТӨЛ” ХХК -ИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ
“Хөтөл” ХХК нь тус банктай байгуулсан Зээлийн гэрээнд заасан “төслийн үр дүнд бий болох хөрөнгө (үйлдвэр) –ийг барилгын ажил дууссанаас хойш 1 сарын дотор тус банканд барьцаалах” үүргийг улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй гэх шалтгаанаар хэрэгжүүлэхээс зайлсхийж, үйлдвэрийг барьцаалах үүргээ биелүүлээгүй болно.
Улсын комиссын 2020.09.23-ны өдрийн 2020/01-10 дугаартай дүгнэлтээр үйлдвэрийн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан хэдий ч компанийн зүгээс газар болон үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээжүүлэх ажиллагааг удаашруулж, банканд барьцаалах ажиллагаанаас зайлсхийсэн бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан уг үйлдвэрийн барилга, байгууламжийг “Цемент шохой” ТӨХК нь үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаандаа ашиглаж, үр ашгийг хүртэж байна.
Засгийн газраас өмч хувьчлалыг хүчингүй болгож, “Цемент шохой” ХК-ийг төрийн мэдэлд эргүүлэн авсантай холбогдуулан Хөгжлийн банкны зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус үйлдвэрт олгосон зээлийн өр төлбөрт ногдох /хөндлөнгийн аудит болон АТГ-н шинжээчийн үнэлгээгээр/ дүнгээр компанийн хувьцаа, үнэт цаас эзэмших, барьцаалах байдлаар зээлийн төлбөрт тооцон хорогдуулах, үйлдвэрийн үйл ажиллагааны орлогоос төлүүлэх, үлдэгдэл зээлийн өр төлбөрийг “Хөтөл” ХХК-ийн холбогдох буруутай этгээдээс төлүүлэхийг хууль хүчний байгууллагатай хамтран хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.
Хөтөл ХХК-д анх 61.3 сая ам долларыг санхүүжүүлсэн. Зээл болон зээлийн хүүгийн өр төлбөр төлөгдөөгүй тул тус зээлийг БГД ИХАШШ-д 2022.01.14-нд 103.5 сая ам доллар буюу 294.9 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хуралдаан өнөөдрийг хүртэл хариуцагч Хөтөл ХХК-аас хамаарч хойшилж байгаа бөгөөд 2022.12.05-ны өдрөөр нэхэмжлэлийн шаардлагыг 108.7 сая ам доллар буюу 372.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн.