Монгол-Францын $1.6 тэрбумын ураны хэлцэл хойшлох эрсдэлтэй тулгарлаа
Францын Төрийн өмчит “Orano” компани Монгол Улсад тус төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа
Хөрөнгө оруулалтын гэрээг 2023 онд багтан эцэслэх хүлээлттэй байсан.
“Orano” компани “Хэлцэл үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар гэрээг боломжит хамгийн ойрын хугацаанд эцэслэх хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа” гэсэн мэдээлэл өгчээ
Цөмийн реакторуудынхаа түүхий эдийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилттой Франц улсын Монгол Улстай байгуулахаар хэлэлцэж буй 1.6 тэрбум ам.долларын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ улс төрийн саадуудтай тулгарч байна.
Улсын стратегийн нөөцүүдийг хамгаалахтай холбоотой маргаанаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газар болон Францын “Orano” компани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх ажил ирэх зургаадугаар сард болох сонгуулийн дараа хүртэл хойшлох эрсдэлтэй байгааг ойрын хоёр эх сурвалж мэдээлээд байна. Мөн Монголын талаас хэлцлийг хариуцаж байсан гол албан тушаалтан солигдсон нь яриа хэлэлцээний явцад нөлөөлсөн аж.
Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад Төрийн айлчлал хийж, тус улсын Төрийн тэргүүн Эммануэль Макронтой уулзах үедээ Монгол Улсын Засгийн газар болон Францын “Orano” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурсан юм.
Ингэснээр хэлцлийг 2023 онд багтан эцэслэж, “Зөөвч-Овоо” ордын үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлэх хүлээлт үүсээд байв.
Гэрээ байгуулах ажил хойшлохтой холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл “Bloomberg News”-т хараахан тайлбар өгөөгүй байна. Харин “Orano” компани “Хэлцэл үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар гэрээг боломжит хамгийн ойрын хугацаанд эцэслэх хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа” гэсэн мэдээлэл өгчээ.
Монгол дахь ураны төсөл удаан хугацаанд сунжрах эсвэл бүтэлгүйтэх нь дэлхийн дахинд ураны эрэлт нэмэгдэж байгаа энэ үед эх үүсвэрээ төрөлжүүлэхийг зорьж буй “Orano” компанид цохилт болох юм. Тус компани Канад, Казахстан улсад уран олборлодог бөгөөд Нижер улс дахь үйл ажиллагаа нь өнгөрсөн онд гарсан цэргийн эргэлтээс шалтгаалан тасалдаад буй. Нижерт болсон Төрийн эргэлтээс шалтгаалан Европ руу тээвэрлэлт нь тасалдсан болон өнгөрсөн онд үүссэн нийлүүлэлтийн бусад асуудлуудаас шалтгаалж ураны спот ханш 15 жилийн дээд түвшинд хүрсэн байна.
Мөн дэлхийд ураны олборлолтоор тэргүүлэгч, Казахстаны Төрийн өмчит “Kazatomprom” компани хүдэр боловсруулахад шаардлагатай хүчлийн хомсдолтой холбоотойгоор олборлолтын төлөвөө бууруулснаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Эдгээр үйл явдалтай зэрэгцээд Засгийн газрууд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах зорилтдоо хүрэхээр цөмийн эрчим хүчийг ашиглах сонирхол нь нэмэгдсээр байна.
Далайд гарцгүй Монгол Улсад “хэт хүчирхэг хоёр хөршийнхөө” хажууд “тусгаар тогтнолоо стратегийн хувьд илүү найдвартай хангах арга замуудыг” олгохыг хүсэж байна гэж Францын тал аравдугаар сард мэдэгдэж байв.
ОХУ нь Монгол Улсын шатахууны нийт хэрэглээний 80-аас илүү хувийг хангадаг бол БНХАУ нь Монголын экспортын гол худалдан авагч. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газар атомын цахилгаан станцуудынхаа тоог эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм.
Хоёр жилийн өмнө ОХУ Украинд цэргийн хүчээр халдан довтолсноос хойш барууны орнууд болоод Москвагийн хооронд чухал түүхий эд, стратегийн ач холбогдолтой тоног төхөөрөмж зэргийг тойрсон зөрчил хурцдаад байна. ОХУ ч Төв Азийн орнууд, Монгол зэрэг хөрш орнуудад нь үзүүлэх барууны нөлөөг сөрөх талд урьдынхаас хавьгүй шийдэмгий хандах болсон юм.