Г.Жавхлантөгс: Гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулахгүй гэдэг нь Монгол Улс хөрөнгө оруулалт болон бизнест хаалгаа бүрмөсөн хааж байна гэсэн үг
Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын хууль дахь газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төсөл санаачилна гэж мэдэгдлээ. Энэ мэдэгдлийг хөрөнгө оруулагчид хэрхэн харж байна вэ?
-Хөрөнгө оруулагчдын зүгээс үл итгэсэн, хүлээж харзнасан байдалтай байна. УИХ-ын дарга мэдэгдэхдээ төрийн гурван өндөрлөг гадаадын хөрөнгө оруулагчдад газар эзэмшүүлж, ашиглуулахгүй гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа гэсэн.
Хэрэв энэ үнэн бол Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт болон бизнест хаалгаа хааж байна гэсэн үг. Энэ бол гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад маш том сөрөг дохио болно.
-Хэрэв энэ хууль батлагдвал хөрөнгө оруулагчдын эрх ашиг хэрхэн зөрчигдөх вэ?
-Энэ хуулийг санаачилж, баталсан нөхцөлд Монгол Улс дахин гадаадын хөрөнгө оруулалт гэж ярих шаардлагагүй болно. Монголд ямар ч гадаадын хөрөнгө оруулагч дахин хөрөнгө оруулахгүй. Уг нь Засгийн газар сүүлийн жилүүдэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар нэлээд ярьж, зарим нааштай алхмуудыг хийж байгаа. Энэ бүхэн ямар ч үр дүнгүй болно гэсэн үг. Одоогоор 2013 оны хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж буй олон мянган хөрөнгө оруулагчдын эрх ашиг хөндөгдөнө.
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд газар ашиглаж, эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчдад бас хамаатай гэсэн үг үү. Газар ашиглах, эзэмших эрхтэй гадаадын хөрөнгө оруулагчдын талаар ямар тоо баримт байдаг вэ?
-Тэгэлгүй яахав. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр 2024 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болон тэдгээрийн охин 953 компанийн эзэмшдэг нийт газрын хэмжээ 757.5 мянган га байгаа. Нийт 439 гадаадын хөрөнгө оруулалттай ХХК газар ашиглах эрхтэй байгаа.
Эдгээр компаниудын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж, шүүх дээр олон зуун өргөдөл, гомдол ирж, Монгол Улсын нэр хүнд шалан дээр унаж, олон улсын арбитрын шүүхэд дуудагдана.
-Газраа эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй гэхээр яаж хөрөнгө оруулалт татах гээд байгаа юм бол?
-Дижитал бизнес л биш бол газар ашиглахгүйгээр хэн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх вэ. Ямар ч хөрөнгө оруулагч газар ашиглаж, оффис, үйлдвэрийн барилгуудаа барих шаардлагатай болно. Энэ бол бизнес, хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай үндсэн эрх.
Гэхдээ бидний зүгээс Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдаас газар ашиглах эрхийг булаахгүй байх гэж итгэж байна. Саяхан манай худалдааны танхим “Бизнес эрхлэхгүй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар оролцох үедээ Засгийн газар Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгад хөрөнгө оруулагчдад газар ашиглах эрхийг эдлүүлэхээр тусгасан, үүнийхээ ард тууштай зогсоно гэдгийг мэдэгдсэн. Тиймээс бидний зүгээс бодлого тодорхойлогчид маань ийм бодлогогүй алхам хийхгүй байх гэж итгэж байна.
-Ингэхэд хөрөнгө оруулагчид юу хүсдэг вэ. Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгад зайлшгүй тусгах асуудлууд гэвэл юу, юу байна вэ?
-Хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгад манай танхимаас нийт 80 орчим зарчмын бодлогын болон нарийвчилсан саналуудыг тусгуулахаар өгсөн. Тухайлбал, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг хуулинд тусгах, хөрөнгө оруулалтын эсвэл татварын маргаан гарсан нөхцөлд заавал арбитраар оролгүйгээр энэхүү зөвлөлөөр хэлэлцэж, шийдвэрлэх гэх мэт асуудлуудыг хөндсөнийг ЭЗХЯ-ны хуулийн ажлын хэсэг хүлээн авч, хуулийн төсөлд тусгасан байгаа. Мэдээж бидний хувьд одоогийн мөрдөгдөж буй хуулийн дагуу тодорхой салбаруудад хөрөнгө оруулсан нөхцөлд олгож буй татварын урамшууллуудыг, тухайлбал гаалийн болон НӨАТ-ын албан татвараас хөнгөлөх заалтуудыг хэвээр үлдээх шаардлагатай гэсэн зарчмын өөр байр суурьтай байгаа.
Монгол Улс хөрөнгө оруулалт татах талаар бусад улс орнуудтай өрсөлдөж буй тул тэднээс илүү таатай, өрсөлдөхүйц хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлж, тодорхой урамшууллуудыг санал болгох шаардлагатай гэж хөрөнгө оруулагчид хүсдэг.
-Ямар ч бизнес үйл ажиллагаа явуулахад хамгийн түрүүнд газрын асуудал хөндөгдөнө биз дээ. Гэтэл гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулна гэхээр баахан хятадууд орж ирнэ гэсэн нийгмийн эсэргүүцэл бий. Гадаадын хөрөнгө оруулагчид гэнгүүт байгалийн баялгийг ухаж сэндийчих нь гэсэн монголчуудын газартаа харам муухай зан байна. Өөрсдөө ашиглаж чадахгүй хэрнээ бусдад ашиглуулахгүй. Энэ асуудалд хөрөнгө оруулагчдыг төлөөлж та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Тэгэлгүй яахав. Өнөөдрийн өндөр хөгжилтэй бүх улс орнууд, тухайлбал, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Европын холбоо Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) -ыг татаж байж, хөгжсөн байдаг. Монгол Улс энэ жишгээр явахаас өөр аргагүй. ГШХО орж ирснээр тухайн улс шууд болон шууд бус олон ашиг тусыг хүртдэг. Тухайлбал, шинэ ажлын байрууд нэмэгдэж, шинэ технологи, нөү хау нэвтэрч, мэргэжилтэй ажиллах хүчинтэй болдог. Түүнчлэн эдийн засагт өр үүсгэдэггүй, харин татварын орлого нэмэгдэхээс гадна тухайн бизнесүүдийг даган ханган нийлүүлэгчид, үйлчилгээний салбарын бизнесүүд цэцэглэн хөгжиж, тэр хэрээрээ эдийн засагт шууд бус үр ашгаа өгдөг. Тухайлбал, 2022 онд Гадаадын хөрөнгө оруулалт (ГХО)-тай аж ахуйн нэгжүүд нийт 2.4 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Цаашлаад өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад Монгол Улсад 1990-2023 оны I улирал хүртэлх хугацаанд нийт 41.7 тэрбум ам.долларын ГШХО орж ирсэн байдаг. 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь 43 хувь байсан бол 2022 оны дүнгээр 15 хувь болж, гурав дахин буурсан байна. Тиймээс ард нийтээрээ аливаа улстөржсөн байдлаар энэ чухал асуудалд хандалгүй, харин хэрсүү ухаанаар хандаж, ГШХО-ыг дэмжих хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж, байгаль орчноо хамгаалах нь зүйн хэрэг.
-Хөрөнгө оруулагчдын зүгээс манай улсын татварын орчны талаар ямар асуудлуудыг дэвшүүлдэг вэ?
-Улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийг тэлэх, экспортыг дэмжих, мега төслүүдийг хэрэгжүүлэх орчин бүрдүүлэх, бизнес эрхлэх орчныг таатай болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой, тодорхой орчин бий болгох шаардлага үүсээд байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдад итгэл өгсөн татварын ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хөрөнгө оруулагчдад таатай бизнес, татварын орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, хувьцаа борлуулсан орлогод ногдох 20 хувийг суутган татварыг бууруулах, Нэмэгдсэн Өртгийн урвуу албан татварыг цуцлах, татварын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэх эсэхээс үл хамааран Нөхөн ногдуулалтын актын торгууль, алданги, хүү зэргийг шууд төлүүлэх практикыг зогсоох хэрэгтэй. Үүний улмаас компанийн дансуудыг хаадаг, үйл ажиллагааг нь зогсоодог. Энэхүү зохицуулалт нь татварын хэт дарамтыг татвар төлөгчдөд учруулаад зогсохгүй, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцэхгүй байна. Тиймээс татварын маргаантай байгаа дүнгийн тодорхой хувиар торгууль, алданги, хүү зэргийг тооцох шаардлагатай. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч оршин суугч этгээдийн хувьцаа (болон бусад санхүүгийн хэрэгсэл)-г борлуулсан тохиолдолд, Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогын нийт дүнгээр 20 хувийн татварыг суутгуулан төлдөг. Анх худалдан авсан үнэ болон бусад худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох зардлуудыг хасах боломжгүй байх нь хөрөнгө оруулагчид болон оршин суугч татвар төлөгчдөд татварын хэт дарамт болж байна. Түүнчлэн гадаадаас авч буй ажил үйлчилгээнд НӨАТ-ыг ногдуулснаар дотоодын ААН-ийн үйлчилгээний өртөг зардал өсөж, орлого ашиг нь багасаж цаашдын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж байна. НӨАТ-ын татварыг дотоод ААН-үүд өөрсдөө хариуцан төлөхөөр татварын дарамтыг өөр рүүгээ шилжүүлэн авдаг. Гаднаас авч буй ажил үйлчилгээнүүд нь голдуу манай оронд эдгээрийг гүйцэтгэх хүн хүч, ажлын мэдлэг, туршлага чадвар байхгүйгээс авч буй мэргэжлийн экспертүүдийн үйлчилгээ байдаг ба энэ нь шууд бус замаараа үндэсний боловсон хүчинд бэлтгэх оюуны хөрөнгө оруулалт, хүний хөгжлийг мөн чөдөрлөж байна.