Д.Амарбаясгалан: Малчны зээлийн 220 тэрбумын хүүг төр даана

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаваржилттай холбогдуулж дараах шийдвэр гаргалаа. Үүнд нэгдүгээрт, малчны зээлийн хүүгийн төлбөрийг Засгийн газраас даахаар болж шийдвэрлэлээ.

Орон нутагт ажиллаж байхад малчид малчны зээлийг тэглээд өгөөч гэж хүсээгүй, зээл төлөлтийг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Засгийн газрын гишүүд энэ хүсэлт зүй ёсны гэж үзэн, зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр хойшлуулах, хүүгийн төлөлтийг мөн нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар хүүгийн хуримтлал үүсч байгаа. Малчны зээлийн хүү 20.5 хувь байна. Үүний 6 хувийг малчид өөрсдөө төлөх бол үлдсэн 14.5 хувийг Засгийн газраас шийдвэрлэнэ.

Улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн малчны зээл байна. Хүүгийн хуримтлал нь 280 орчим тэрбум төгрөг болж байгаа. Зургаан хувийг нь малчид өөрсдөө төлөхөөр үлдсэн 220 тэрбумыг Засгийн газар шийдвэрлэх юм.

Сүүлийн 49 жилд тохиолдоогүй их хэмжээний цас орсон, их хүйтэн хавар болж байна.  Өнөөдрийн байдлаар 2,2 сая толгой мал хорогдсон. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж малын хорогдол хэд болох вэ гэдгийг таахад бэрх байна. 2009-2010 онд болсон зуднаар 10.5 сая мал хорогдуулсан мэдээ бий. Мал их хэмжээгээр хорогдож болзошгүй учраас малжуулах төслийг хэлэлцлээ.

Гуравт, малын өвс тэжээлээс гадна гурилын үнийн өсөлттэй холбоотой асуудал малчдад хүндрэл учруулж байна. Хөдөөд 50 кг гурил 120-130 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Арга хэмжээ авах ёстой гэдэг санал гаргасан. Үнийн дарамт үүсгэж байгаа учраас арга хэмжээ авах ёстой гэдэг санал гаргасан тул энэ асуудлыг шийдвэрлэлээ.

Хүүхдийн амралт, оюутны амралтыг малчид мөн хөндөж ярьсан. Зудын нөхцөл байдал хүнд байгаагаас хүн хүчний хомсдолд орсон. “Хоёулахнаа энэ их малыг тэжээхэд хүнд байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амрах хугацааг нь нааш нь татаж, сунгаач. Оюутны амралтыг зохицуулж өгөөч” гэсэн.  Тийм учраас уян хатан зохицуулалт хийх чиглэлийг Засгийн газраас Боловсрол шинжлэх ухааны сайдад үүрэг болголоо.

Covid-19 цар тахалтай холбогдуулж Хэмнэлтийн хууль хэрэгжсэн. Уг хуультай холбоотойгоор төр засгийн үйлчилгээг иргэдэд хүргэхтэй холбоотой автомашины хангалт хаагдсан байсан. Хэмнэлтийн хуульд өөрчлөлт оруулснаар автомашины парк шинэчлэл хийх эрх нээгдсэн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газарт  164 сумаас автомашины хэрэгцээ үүссэн тухай хүсэлт ирсэн.  Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Улсын нөөцөөс 15 тэрбум төгрөг гаргаж, 105 автомашин худалдан авах шийдвэр гаргалаа.

Зах зээлд борлуулагдаж байгаа автомашинаас туулах чадвартай, орон нутагт төрийн үйлчилгээг явуулах боломжтой гурван төрлийн автомашин худалдан авахаар шийдвэрлэлээ.

Энэ ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар Улсын онцгой комиссоос үүрэг болгосны дагуу “Ford ranger pickup” загварын 30 орчим машин, Японы “Suzuki Jimny” төрлийн таван хаалгатай автомашин худалдан авах ажлыг зохион байгуулна. Үлдсэн 30 орчим автомашин нь УАЗ фургон загварынх байна. Эдгээр автомашинаар хөдөөгийн сумдыг хангах шийдвэр гаргасан

Хаваржилт хүндэрсэн аймаг сумдад өвс тэжээлийн дэмжлэг  үзүүлэхээр боллоо. Улсын төсөв, аймаг орон нутгийн төсвийн давсан орлогоос зохицуулалт хийх замаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн буудайг үнэ төлбөргүй малчдад өгөхөөр шийдвэрлэлээ.

Мөсөн болон цагаан  зудтай байгаа 110 сум бий. Мөсөн зудтай сум бүрт 150 тонн тэжээлийн буудай, цагаан зудтай сумдад 75 тонн тэжээлийн буудай олгоно.

Мөн тэжээл үнэгүй олгоно. Дунджаар нэг айлд 250 кг буюу таван шуудай тэжээл хүргэхээр шийдвэрлэлээ.

Малчдад хоол хүнсний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Улсын нөөцөөс 5 тэрбумыг зарцуулна. Өрх тус бүрт 10 кг гурил, 5 кг будаа хүргэнэ.

Өвөлжилт, хаваржилт хүндхэн орохыг сануулж, Засгийн газраас малчиддаа хандан малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг уриалж байсан. Зарим сумдын малчид малаа 50 хүртэл хувиар эргэлтэд оруулсан ч ихэнх сумд 30 хувиар малаа эргэлтэд оруулсан байна. Гэхдээ махаа зарж борлуулах асуудал тулгамдсан асуудал болсон. Нэгдүгээрт, мах бэлтгэдэг компаниуд малчдын гар дээрээс махыг хэт хямд үнээр худалдан авч байна.

Ямааны мах 1 кг нь 3500, хонины мах 1кг нь 5000, үхрийн мах 1 кг нь 7000 төгрөгөөр авч байгаа нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ гэж малчид үзсэн.

Засгийн газрын зүгээс Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Хөдөө аж ахуйн биржийг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулах үүрэг өглөө.

Махны худалдан авалт эрхэлдэг компаниудын хувьд дотоодод мах нийлүүлэхээр ашиг орлого олох боломж хязгаарлагдмал байна гэж үздэг юм байна. Тийм учраас экспортод гаргах зорилгоор мах бэлтгэдэг. Засгийн газрын зүгээс “Хөнгөлөлттэй зээл олгож байгааг харгалзан үзэж, Улаанбаатар хотод махны үнэ хэт өндөр тогтохгүй байхаар үнээ тогтоо. Нийлүүлэлт хий. Хэрвээ нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд хийхгүй, үнэ хөөрөгдвөл махны экспортыг хязгаарлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Мах экспортлогч компаниуд дотоодод нийлүүлэлт хийхээ мэдэгдсэн. Энэ дагуу ирэх гуравдугаар сарын 11-ээс махны худалдааг Улаанбаатар хотод эхлүүлэхээр болж, шийдвэрлэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *