ЗГ: Зэс, молибедины баяжмалыг биржээр зарна, АМНАТ-ийг биржийн үнээс тооцно

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулах, нэр төрлийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Уул уурхайн биржийн тухай хуулиар төрийн мэдлийн уул уурхай компаниуд, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд заавал биржээр бүтээгдэхүүнээ арилжаалах заалттай. Энэ хүрээнд биржээр зэсийн баяжмалыг үе шаттай арилжах ажлыг 2023 онд эхлүүлсэн. Тэгвэл Уул уурхай бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилалд зэс, молибедины баяжмал бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталсан байна.

Энэ хүрээнд биржээр арилжаалж байгаа зэс, молибедины баяжмалын АМНАТ-ийг тухайн биржийн үнээс нь суутган авахаар шийдвэрлэжээ. Зэс, молибедины баяжмалыг биржээр арилжаалснаар түүхий эдийн зах зээлийн үнийг бодитоор тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулахад гол хөшүүрэг болох бөгөөд уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг нэмэгдүүлэх боломжтой гэж УУХҮ-ийн сайд онцоллоо.

Мөн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “2024 онд буюу эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг уул уурхайн биржээр дамжуулан зарна. Оюу толгойн хувьд бид хүсэлт тавьж, хөрөнгө оруулагчтайгаа яриа хэлэлцээ хийж байна. Бид тус ордод давуу эрхтэй биш. Тиймээс Оюу толгойг хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд санаачилгаараа оролцох хүсэлт тавина. Яг энэ асуудлаар ойрын үед Оюу толгой хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн удирдлагуудтай Канадад уулзалт хийнэ.

Зэсийн хувьд манай улс томоохон тоглогчид орно. Зэсийн баяжмалын хувьд Конго, Перу, Чили, ОХУ зэрэг улс дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Манай улсын хувьд гол худалдан авагч, үйлдвэрлэгч нь хаяанд байна. Тиймээс бид заавал Лондоны биржийн үнийг дагаад байх шаардлагагүй. Бид үнээ тодорхой хэмжээгээр өөрсдөө тогтооно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *