ЗАВХАН: Алдархаан суманд гарсан малын боом өвчний тархалтыг хязгаарлаж чаджээ
Аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаанаар малын боом өвчлөл, хаваржилтын нөхцөл байдал, ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв, зудын ерөнхий үнэлгээ, малчдын гэр, хашаа цасанд дарагдсан тухай мэдээлэл, улсын нөөцөөс олгож буй улаан буудайн хуваарилалт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт “мал өвчилж үхэж байна” гэх мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас дээж авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит илгээхэд 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 14:50 цагт боом өвчин болох нь батлагджээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Алдархаан сумын ЗДТГ-т үүрэг чиглэл өгч ажилласны дагуу тухайн нутаг дэвсгэрт хорио цээр тогтоон ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.
Аймгийн мал эмнэлгийн газраас хоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд голомтод байгаа гурван өрхийн 268 малыг вакцинжуулж, 40 гаруй үхрийн сэг зэмийг устгаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан бөгөөд 26-ны өдрөөс хойш дахин мал үхээгүй байна.
Нийт нутгаар хаваржилт хүндэрсний улмаас малын хорогдол өдрөөс өдөрт нэмэгдэж, өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 85.431 толгой мал хорогдоод байна. Улсын нөөцөөс аймгийн хэмжээнд 1200 тонн буюу 29.600 уут тэжээлийн будаа хуваарлигдан ирсэн.
Асгат, Яруу, Идэр, Нөмрөг сумдад 99 айл өрхийн гэр, хашаа цасанд дарагдсан. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн ОБГ-аас нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хунгарласан их цасыг зайлуулах арга хэмжээ авахаар дөрвөн автомашин, 31 албан хаагч ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр улсын нөөцөөс олгож буй тэжээлийн будааг 9.5 мянган малчин өрхдөө тэгш хуваарилах, Баянхонгор, Архангай, Хөвгөл аймгаас ирэх оторчдын зам давааг нээж угтах, муу малыг ачиж тээвэрлэн авчрах, цасанд дарагдсан айл өрхүүдийг цаснаас гаргах арга хэмжээг яаралтай авах, гэр нь дарагдаж нурсан айл өрхүүдэд гэр олгох зэрэг арга хэмжээ авахыг үүрэг болголоо.